“Бүргэдийн баяр-2026” арга хэмжээг гуравдугаар сарын 7, 8-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Тус арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд казах түмний бүргэдээр ан хийх соёл, ахуй, зан заншлыг сэргээх, залуу үед өвлүүлэх, олон улсад сурталчлах зорилготой.
Тус наадам 11:00-18:00 цагийн хооронд "Чингис хааны хүрээ" аялал жуулчлалын цогцолборт болох юм. Мөн энэ жилийн онцлог нь олон орны бүргэдчид уригдан ирж оролцох аж.
Наадмын үеэр бүргэдчдийн ур чадварын тэмцээн, морин дээрээс бүргэд дуудуулах үзүүлбэр, үндэсний хувцас, гар урлалын танилцуулга, соёлын тоглолт зэрэг олон төрлийн арга хэмжээ болох аж. Мөн дотоод, гадаадын жуулчдад зориулсан соёлын танин мэдэхүйн үйл ажиллагаа багтжээ.
Түүнчлэн аялал жуулчлалын салбарынхан “Бүргэдийн баяр”-ыг Монголын өвлийн аялал жуулчлалын онцлох арга хэмжээнүүдийн нэг үйл ажиллагаа гэж үздэг бөгөөд нүүдэлчдийн биет бус өвийг дэлхийд сурталчлах ач холбогдолтой хэмээн онцолж байна.