Хүүхдийг улс төрийн болон бусад зорилгоор жагсаал, цуглаан, олон нийтийн арга хэмжээнд оролцуулах нь хууль зөрчсөн үйлдэл болохыг прокурорын байгууллагаас анхаарууллаа.
Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлд хүүхдийн эрхийг зөрчихтэй холбоотой хариуцлагыг тусгасан байдаг. Уг хуулийн 3.3 дахь хэсэгт өөрт ашигтай байдал бий болгох зорилгоор хууль бусаар хүүхдийн нэрийг барих, ашиг олох, эсхүл амь нас, эрүүл мэнд, нэр хүндэд нь халдах, аюул учруулж болзошгүй тоглоом, наадам, жагсаал, цуглаан болон бусад арга хэмжээнд оролцуулсан тохиолдолд хариуцлага хүлээлгэхээр заажээ.
Тухайлбал, дээрх зөрчлийг үйлдсэн иргэнийг 500 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг 5 сая төгрөгөөр торгох хуулийн зохицуулалттай байна.
Иймд эцэг эх, асран хамгаалагчид болон байгууллага, аж ахуйн нэгжүүд хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангаж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг мөрдөхийг санууллаа.
Эх сурвалж: УЕПГ-ын олон нийттэй харилцах алба