Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хороо хуралдаж, Нийслэлийн Боловсролын газрын 2023 онд хэрэгжүүлэх арга хэмжээ, төлөвлөгөөтэй танилцлаа.
Хэлэлцүүлгийн үеэр Төлөөлөгч Н.Баярчимэг ерөнхий боловсролын 153 дугаар сургуульд үүсээд буй нөхцөл, байдлын талаар тодрууллаа.
Тухайлбал, тус сургууль нь 960 хүүхдийн суудалтай. Гэвч ашиглалтын шаардлага хангахгүй болсон 12-р сургуулийн суралцагчид мөн дээрх сургуульд суралцах болсон. Хоёр сургуулийн нийт 2500 гаруй хүүхэд суралцаж буй уг сургуулийн сандал, ширээ бусад сургалтын хэрэглэгдэхүүнийг 960 хүүхдээр бодож, төсөв олгоогүйгээс хүүхдүүд сурах, багш нар ажиллах боломж байхгүй болсныг тэрбээр тодотгосон юм. Тиймээс энэхүү асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай талаар саналаа хэллээ.
Нийслэлийн хэмжээнд 20 гаруй сургууль ачаалал, даац хэтэрсэн байна. 153 дугаар сургуулийн нөхцөл байдлыг яаралтай шийдвэрлэнэ гэдгийг Нийслэлийн Боловсролын газрын дарга хэллээ.
Боловсролын салбар анх удаа сургуулиудын нөхөн хангалтын төсвийг ₮12.5 тэрбумаар суулгасан байна. Ингэснээр сургуулиуд шаардлагатай хэрэглэгдэхүүн, материалаа төрийн худалдан авалтын цахим дэлгүүрээс авах боломжтой болжээ.
Харин Төлөөлөгч Б.Мягмар байгууллагын дэргэдэх цэцэрлэг байгуулах ажлын үйл явцыг тодруулав. Мөн Хан-Уул дүүргийн 7-р сургуульд нөхөн хангалтын зардлаас компьютер, программ хангамж, тоног төхөөрөмж, сандал, ширээний хүртээмжийг шийдэх боломж бий эсэхийг тодруулсан юм. Төлөөлөгчийн тавьсан асуудлуудыг шийдвэрлэх бүрэн боломжтойг Б.Амартүвшин тодотголоо.