fitness
  • 556 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-02-08

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах “ЭкоПак Монгол” ХХК-ийн цаас дахин боловсруулах үйлдвэрт ажиллав.

Тус компани нь 100 гаруй ажилтантай бөгөөд 2010 онд дотоодын хөрөнгө оруулалт бүхий цаасан хайрцаг, сав, баглаа боодлын бүрэн автомат үйлдвэрийг ашиглалтад оруулж байсан.  Тэгвэл 2022 онд Монголын анхны цаасан хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрийг нээсэн байна.

Цаас дахин боловсруулах үйлдвэр нь нийлүүлэгчдээс хаягдал цаас худалдан авч, 100 хувь саарал ус ашиглан хайрцаг, сав, баглаа боодлын анхдагч түүхий эд болох бор цаасыг хоногт 30 тонныг үйлдвэрлэх хүчин чадалтай.

Харин үндсэн үйлдвэр нь жилд дунджаар 25.2 сая ширхэг цаасан хайрцаг үйлдвэрлэх хүчин чадалтай. Өмнө нь энэ төрлийн бүтээгдэхүүнийг Монгол Улс импортоор авдаг байсныг орлож чадсанаар хоногт 70-80 мянган ширхэг цаасан хайрцаг үйлдвэрлэж байгаа юм.

Үндэсний үйлдвэрүүд амжилттай ажиллаж, импортын бүтээгдэхүүнийг орлохын тулд зээлийн хүртээмжийг сайжруулж, урт хугацаатай богино хүүтэй зээл авах боломжийг бүрдүүлэх, мөн тогтвортой ажиллах боловсон хүчин чухал байгааг компанийн гүйцэтгэх захирал Г.Болдбаатар энэ үеэр хэлж байв.

Хаягдал цаасыг дахин боловсруулснаар, нэг тонн цаас шатаахад ялгарах 750 кг нүүрсхүчлийн хийнээс сэргийлж, 26.5 мянган литр ус хэмнэн, хогийн цэгт дарж устгах талбайн хэмжээг багасгадаг давуу талтай.

Цаашид хайрцаг, сав, баглаа, боодлын бор цааснаас гадна хэвлэлийн үйлдвэрлэлийн үндсэн түүхий эд болох 80-250 гр шохойтой болон матт цаас үйлдвэрлэх зорилт тавьсан байна. Ингэснээр импортоор орж ирж буй 7.1 мянган тонн цаасыг дотооддоо үйлдвэрлэж, зах зээлийг 100 хувь хангах боломжтой гэсэн үг юм.

Монгол Улсад жилд дунджаар 3.4 сая тонн хог хаягдал гардаг бөгөөд сүүлийн таван жилд 18.3 хувиар өссөн байна. 2040 он гэхэд одоогийнхоос 21 хувиар өсөх тооцоолол гарчээ.

“Алсын хараа- 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод хог хаягдлын дахин боловсруулах хэмжээг 2030 он гэхэд 40 хувьд хүргэж, “Ногоон хөгжлийн бодлого”-д байгальд булж зайлуулах хаягдлын хэмжээг 40 хувиар бууруулах зорилт дэвшүүлжээ.

Бусад мэдээ

Хүүхдийн төлөө санд 11 тэрбум төгрөг төвлөрсөн ч 106 сая төгрөг зарцуулжээ

Хүүхдийн төлөө санд 11 тэрбум төгрөг төвлөрсөн ч 106 сая төгрөг зарцуулжээ

Хүүхдийн төлөө санг 2021 онд байгуулсан. Энэ санд нийт 11 тэрбум төгрөгийг гурван эх үүсвэрээс бүрдү

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл 2023 оны анхны хурлаа хийлээ

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл 2023 оны анхны хурлаа хийлээ

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл 2023 оны анхны хурлаараа анхан шатны эрүүл мэндийн байгуулла

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.