Хоёр жил гаруй хугацааны дараа Австрали улс БНХАУ-д нүүрс экспортолж эхэллээ. Австралийн Ерөнхий сайд Скот Моррисон 2020 онд Covid-19-ийн үүсэл гарлыг шалгуулахаар Ухань хотод мөрдлөг хийхийг уриалсны дараа БНХАУ-ын тал Австралийн нүүрсэнд албан бус хориг тавьсан юм.
Хэдий тийм боловч өнгөрсөн оны тавдугаар сард Австралид Хөдөлмөрийн нам засгийн эрхийг авснаар хоёр орны харилцаа сайжирч, 2020 оноос хойш анх удаа хоёр улсын Худалдааны сайдууд хоёр талт уулзалт хийсэн байна.
Австрали улс “Gladstone” боомтоор нэгдүгээр сард 5.68 сая тонн нүүрс БНХАУ-д экспортолсон байна. Энэ нь 26 сарын дараа хийсэн анхны нүүрсний экспорт юм.
Мөн Япон, БНСУ, БНЭУ зэрэг Азийн улсууд руу их хэмжээний нүүрс экспортолж байна. Тус боомтоор экспортолсон нийт нүүрсний 30 хувь нь эрчим хүчний нүүрс, үлдсэн 70 хувь нь коксжих нүүрс байгаа аж.