-Гамшгийн үед ямар арга хэмжээ авах вэ-
Турк, Сирид болсон газар хөдлөлт 20 мянга гаруй хүний амь насыг авч одсон бөгөөд харамсалтай нь энэ тоо өсөх хандлагатай байна. Турк нь газар хөдлөлтийн аюултай бүсэд оршдог ба 1939-1999 оны хооронд хамгийн хүчтэй газар хөдлөлтүүд болж байжээ. 1900 оноос хойш тус улсад 76 удаагийн газар хөдлөлт бүртгэгдэж, 90 мянга гаруй хүн амиа алдсан байна.
Энэ долоо хоногт тус улсад сүүлийн 10 жилийн хугацаан дахь хамгийн том газар хөдлөлт болсон бөгөөд 2021 онд 2000 гаруй хүн амиа алдсан Хаити, 2018 онд 4000 гаруй хүн үрэгдсэн Индонезийн газар хөдлөлтүүдтэй харьцуулж болохоор байна.
Хэрэв та газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд амьдардаг бол гэртээ тусламжийн цүнх байлгах хэрэгтэй
ГАЗАР ХӨДЛӨЛТИЙГ УРЬДЧИЛАН ТААМАГЛАХ БОЛОМЖГҮЙ
Газар хөдлөлтийн идэвхтэй бүс хаана байдгийг хэдийн тодорхойлсон байдаг ч чухам хэзээ хөдлөхийг урьдчилан таамаглах боломжгүй. Гэхдээ үүнд бэлтгэлтэй байх боломжтой гэнэ.
Лондонгийн Империал коллежийн газар хөдлөлт судлаач доктор Стивен Хикс "Хэрэв та газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд амьдардаг бол гэртээ тусламжийн цүнх байлгах хэрэгтэй" гэжээ. Мөн ундны ус, гар чийдэн, анхны тусламжийн хэрэгсэл, хоол хүнс нөөцөлж байхыг зөвлөсөн байна.
Улаан загалмай нийгэмлэгийн мэргэжилтнүүд чухал бичиг баримтын хуулбар, бэлэн мөнгийг мөн тусламжийн цүнхэндээ бэлдсэн байх ёстойг сануулаад гэрээсээ шууд аваад гарах боломжтой газар байлгахыг зөвлөжээ.
Анхан шатны тусламжийн цүнхэнд байвал зохих зүйлсийн жагсаалтыг ЭНД дарж харна уу.
БАРИЛГА НУРАЛГҮЙ ҮЛДСЭН БОЛ ГАРАХГҮЙ БАЙСАН НЬ ДЭЭР
АНУ-ын Геологийн алба "хэрэв таны байгаа барилга газар хөдлөлтийг даван туулж чадсан бол тэндээсээ гаралгүй дотор нь үлдвэл амьд үлдэх магадлал нэмэгдэнэ" гэжээ.
Мөн газар өвдөглөн гараа шалан дээр тавьж хэвтсэнээ та унаж байгаа эд зүйлсээс өөрийгөө хамгаалж, бас түүний зэрэгцээ хөдлөх боломжтой байх болно гэж зөвлөсөн байна. Чичиргээ зогсох хүртэл ширээ эсвэл орны доор нуугдах нь амьд үлдэх боломжийг нэмэгдүүлдэг гэв. Хаалга ч мөн сайн хамгаалалт болдог ч хуучны байшингуудад найдалтгүй гэжээ. Харин бат бөх ширээ илүү найдвартай хамгаалалт болно гэж үздэг байна.
Цонх, фасад нь ихэвчлэн хамгийн түрүүнд нурдаг тул тэдгээрээс хол байсан нь дээр аж.
ГАДАА ИЛҮҮ АЮУЛГҮЙ
Та барилга байгууламж, цахилгааны шугам, худаг, хий дамжуулах хоолой, шатахуун түгээх станц болон бусад аюултай объектын ойролцоо байгаа бол тэдгээрээс холдохыг зөвлөе
Энэ зөвлөгөө өмнөхтэй зөрчилдөж байгаа мэт сонсогдож болох ч чичирхийлэл дуусмагц байшин тань эвдэрсэн л бол нурж эхлэхээс нь өмнө гадагш гарсан нь дээр. Гэхдээ газар хөдлөлт аль хэдийн дуусчихсан гэдгийг, таныг шатаар бууж байхад дахин чичирхийлэл болохгүй гэх баталгаа байгаа эсэхийг яаж мэдэх вэ? Харамсалтай нь энэ асуултад хариулах боломжгүй гэж мэргэжилтнүүд хэлж байна.
Харин гадаа явж байхад тань газар хөдлөлт болбол яах вэ? Мэргэжилтнүүд "Хаашаа ч гүйлгүй, байгаа газраа бай" гэж зөвлөжээ. Гэхдээ та барилга байгууламж, цахилгааны шугам, худаг, хий дамжуулах хоолой, шатахуун түгээх станц болон бусад аюултай объектын ойролцоо байгаа бол тэдгээрээс холдож, нээлттэй орон зай руу явах нь зүйтэй.
Хамгийн гол нь газар хөдлөлт болох үед гудамжинд байгаа бол ойр хавьд толгой дээр тань унах зүйл байгаа эсэхийг шалгаарай.
АЮУЛТАЙ ЭД ЗҮЙЛСЭЭС ХОЛ БАЙГААРАЙ
Ердийн үед ямар нэг хор хөнөөлгүй эд зүйлс болох зурагт, чийдэн, цонх, номын тавиур, шүүгээ зэрэг нь газар хөдлөлтийн үед гэмтээх, тэр байтугай үхлийн гол шалтгаан болох аюултайг статистикийн мэдээ харуулдаг байна.
Газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршин суудаг бол унах боломжтой хүнд тавилгыг хананд бэхлэхийг зөвлөжээ.
Өөр нэг болзошгүй аюул бол хийн хоолой хагарах явдал. Харамсалтай нэгэн жишээ дурдахад, 1906 оны Сан Францискогийн газар хөдлөлт 3000 гаруй хүний аминд хүрчээ. Лондонгийн Империал коллежийн доктор Хикс "Энэ газар хөдлөлтийн үед ихэнх хүн нурсан барилга биш хийн хоолойн дэлбэрэлтийн хохирогч болсон" гэжээ.
ГАМШГИЙН СУРГУУЛИЛАЛТ
Мэргэжилтнүүд газар хөдлөлтийн сургуулилалт асар чухал ач холбогдолтой болохыг сануулж байна.
Газар хөдлөлт судлаач доктор Хикс "Газар хөдлөлтийн үед иргэдийг ямар арга хэмжээ авч, юу хийхээ мэддэг болгохын тулд гамшгийн сургуулилтуудыг явуулдаг. Харамсалтай нь Туркийн энэ хэсэгт ийм дасгал сургуулилалт хийгдээгүй байх магадлалтай, учир нь тэнд ийм хэмжээний гамшиг болоогүй удсан" гэжээ.
Эх сурвалж: ВВС