Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.
Сар шинийн баярын үзэсгэлэн худалдаа болон ерөнхий боловсролын сургуулийн хичээл эхэлж байгаа холбогдуулан иргэд, хүүхэд, багачуудын амгалан тайван байдлыг хангах, хулгайн болон бусад төрлийн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэв журмыг сахиулах ажлуудаа эрчимжүүлэх үүргийг холбогдох байгууллагуудад өгсөн.
Энэ хүрээнд гэмт хэрэг зөрчлөөс сэргийлж 120 чиглэлд 240 алба хаагч, явган эргүүлийн 319 чиглэлд 638 алба хаагч хяналт тавин ажиллаж байгаа аж.
Нийслэлийн хэмжээнд сургуулийн хүүхдүүдийн ирц 88.3, цэцэрлэгийнх 76.3 хувьтай байгаа юм. Түүнчлэн томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд бүх шатны эрүүл мэндийн байгууллагууд эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй үзүүлэх, цаашид урьдчилан сэргийлэх чиглэлээр санал боловсруулж танилцуулах үүрэг өгсөн.
Улаанбаатар хотын хэмжээнд 15 эмнэлгийн 2,226 орон дээр 1,612 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгүүдэд 1,274 орон дээр 992 хүүхэд хэвтэн эмчлүүлж орны ачаалал 75.2, үндсэн орны ачааллаас тооцвол 118 хувьтай байна.
Эмнэлгийн хүүхдийн хүлээн авах-яаралтай тусламжийн тасгаар хоногт 1,100 гаруй хүүхэд үзүүлж байгаа тул заалны зохион байгуулалтыг хийж, оргил цагаар /18.00-00.00/ нэмэлт эмч, эмнэлгийн мэргэжилтнийг ажиллуулж, үзлэгийн хүлээгдлийг бууруулжээ.
Дүүргийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн кабинет ажлын өдрүүдэд 08:30-17:00 цагийн хооронд, томуугийн амбулаторийг ажлын өдрүүдэд 17:00-21:00, бямба гарагт 11:00-18:00 цагийн хооронд ажиллуулж байна гэж НДЗТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.