уваарь ёсоор даваа гараг бүр УИХ дахь намын бүлгүүд хуралддаг билээ. Энэ дагуу өнөөдөр /2023.02.13/ УИХ дахь АН-ын бүлэг өргөтгөсөн хэлбэрээр хуралдлаа. Бүлгийн хуралдаанд АН-ын шинэхэн дарга Л.Гантөмөр оролцож, мэдээлэл хийв.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: АН-ын ҮБХ даргаа сонгож, их хурлаараа ёсчлон батламжилсан. Улмаар УДШ бүртгэсэн. АН албан ёсны намын даргатай болсон. Өнөөдөр ээлжит бусаар өргөтгөсөн хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар АН-ын бүлгийн авч хэрэгжүүлсэн ажлын хэсгийн ажлууд болон АН-ын даргын ойрын үед баримтлах бодлогын талаар ярилцав. Өнгөрсөн 1000 хоног АН-д ойлгомжгүй байдал үүссэн. АН-ын ойлгомжгүй байдал монгол төрийг ойлгомжгүй байдалд хүргэсэн. АН цэгцрэх нэг хэрэг. Шинээр сонгогдсон даргад асар их хүлээлт, үүсч байна. Сайн сайхан зүйл ярьж байтал амьдрал ядуурчихлаа. Төрийн байгууллагуудад хүртэл хулгай, зэлгий туйлдаа хүрлээ. Ард түмэн тэсрэхэд бэлэн байна. Гадны байгууллагууд бидний авлигадаа идэгдсэн гэж дүгнэсээр байна.
АН-ын дарга Л.Гантөмөр: Өргөтгөсөн хуралдаанаар хэд хэдэн асуудал хэлэлцлээ. Өнгөрсөн хугацаан дахь Монголын нийгмийн судалгаануудтай танилцлаа. Үнэхээр сэтгэл хирдхийлгэм мэдээллүүд байна.
- Нийт иргэдийн 70 хувь нь ядуу байна гэсэн судалгаа гарсан. Ядуурлыг бууруулах талаарх гаргалгааг олно. Ажил, бизнес эрхэлж буй хүмүүс үнэхээр залхсан байна. Бизнес эрхлэгчдэд төрөөс очиж буй дарамт хэм хэмжээнээс давсан. Нийт бизнес эрхлэгчдийн 60 хувь нь НӨАТ-ын тухай хуулийн эсрэг байна. Цар тахлын дараах дэмжлэг жижиг, дунд үйлдвэрт очихгүй байгаа юм. Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулахгүй бол цааш явахгүй нь. Маргааш ажилгүйдэлгүй болно гэдэгт итгэхгүй байна.
- Татварын дэмжлэгийг бодитой болгож, төр ААН-үүдийг дарамталдаг байдлыг таслан зогсоох хэрэгтэй байна. Цагдаа, прокурор, татвар, гааль, мэргэжлийн хяналтын байцаагч нар хувийн хэвшлийнхнийг дарамталдаг байдлыг болиулж, эрх зүйн орчныг нь тавдугаар сарын 1-нээс өмнө бүрдүүлмээр байгаа юм. Хувийн хэвшлийг дэмжих, ядуурлаас гаргах хөтөлбөр, бодлого, эрх зүйн орчин бүрдүүлэх чиглэлээр бүрэлдэхүүн гаргана. Уг бүрэлдэхүүнийг УИХ-ын гишүүн Ж.Батсуурь ахална. Монголын эдийн засаг сүүлийн 10 жил хөдлөөгүй. 400 мянган айлыг орон сууцанд оруулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь чухал. Эдийн засгийг 2-3 дахин өсгөх бодлогыг АН яаралтай гаргахаар боллоо. Ц.Туваан гишүүн даргалж, хөгжлийн хөтөлбөрийн чиглэлийг гаргана.
- Тендерийн хууль дотор дараагийн авлигач төрдөг. Тиймээс богино хугацаанд тендер нэрийн дор хулгай хийдэг, бүлэг орчныг арилгана. Энэ чиглэлээр Н.Ганибал гишүүнээр ахлуулсан бүрэлдэхүүн ажиллана. Уг хуулийг таван хуудсанд багтаасан хууль болгоно. Тендерт хэн ч эргэлздэггүй болно.
- Парламентын засаглалыг бэхжүүлэх чиглэлээр АН тодорхой ажил хийнэ. Улс төрийн намын болон Сонгуулийн хууль дээр ажиллана. Мөнгөний хамааралтай сонгуулийг хэрхэн алга болгох талаарх чиглэлд С.Одонтуяа гишүүнээр ахлуулсан бүрэлдэхүүн ажиллана. Эрүүл мэндийн бодлогыг эмч нартай, хөдөө аж ахуйн бодлогыг малчидтай, банк санхүүгийн бодлогыг эдийн засагч нартай хамт сууж байгаад гаргана.
- АН-д итгэж байсан хүмүүсийг бид зүтгэлээр хариулах ёстой. Бид эвдэрдэггүй, задардаггүй улс төрийн намыг байгуулах ёстой болж байна. Тиймээс сайн дүрэмтэй болно. Гишүүдийн оролцоотой шийдвэр гаргах чадвартай намыг бүтээж босгоно" хэмээв.