Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх өчигдөр үдээс хойш Хилийн цэргийн 0129 дүгээр ангийн 0223 дугаар салбарт ажиллав.
“Монгол Улсын хил хамгаалах тушаалын дагуу үүрэг гүйцэтгэх хугацаанд гадаад болон дотоод талд илэрсэн зүйлгүй. Монгол Улсын хил тайван байгаа”-г хилчид Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчид илтгэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч тус заставт ажиллах үеэрээ хилийн 861 дүгээр баганад хүндэтгэл үзүүллээ.
Энэ үеэрээ эх орны хилийг хамгаалан үүргээ чанд гүйцэтгэж буй хилчин дайчдаар Монгол Улсын 3.3 сая иргэн цаг үргэлж бахархаж, тэдний хүч, хөдөлмөрөөр аюулгүй, тайван амьдарч байдаг гэдгийг хэлж, нийт хилчид болон гэр бүл, төрөл төрөгсдөд нь сайн сайхныг хүсэн ерөөв.
Хилийн цэргийн 0129 дүгээр ангийн 0223 дугаар салбарын гэрээт цэргийн алба хаагчид үүргээ гүйцэтгэх хугацаандаа мөнгөн хуримтлал үүсгэж, чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрүүлэх боломжоор хангагдаж, албаа сэтгэл хангалуун хааж байгаа талаараа хэлж байв.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийг ажиллах үеэр тус заставт машин, техник гардуулах ёслол боллоо.
Хилийн цэргийн албанд нөхөн хангалт, техник, хэрэгслийн шинэчлэлийг хийснээр алба хаах нөхцөлийг үлэмж хөнгөвчилж байгааг алба хаагчид онцолж байлаа.