Жил бүрийн хоёрдугаар сарыг дэлхий нийтээрээ архидан согтуурахтай тэмцэх сар болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн сэтгэц наркологийн багаас санаачлан “Нарантуул” олон улсын худалдааны төвд “Архигүй цагаан сар” өдөрлөг зохион байгуулжээ.
Уг арга хэмжээг тэд Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гачуурт тосгоны эмнэлэг, Баянзүрх дүүргийн 28 хорооны өрхийн эрүүл мэндийн төвийн эрүүл мэндийн нийгмийн ажилтнууд Нарантуул захын захиргаатай хамтран зохион байгуулжээ.
Өдөрлөгийн үеэр монгол түмний уламжлал баяр цагаан сарыг архи согтууруулах ундаагүй тэмдэглэхийг уриалж, архины эрүүл мэндэд учруулах хор уршиг, бие болон сэтгэцэд үзүүлэх сөрөг нөлөө, хэрхэн донтох эмгэг үүсгэдэг талаар иргэдэд суртачилгаа хийж, гарын авлага тараасан байна.