fitness
  • 417 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-03-01

Улс төрийн намууд “шилэн” болохоос нааш авлигын асуудал арилахгүй Улс төрийн намууд ил тод санхүүжилттэй, олон нийтэд тайлагнадаг, бодлогоор өрсөлддөг тогтолцоотой болсноор мөнгө дагасан улс төрийг арилгах боломж байна. Тиймээс намууд ил тод ажиллаж, олон нийтийн санал бодлыг бодлого үйл ажиллагаандаа тусгадаг болохын тулд Эх орончдын өдөр, МАН байгуулагдсан 102 жилийн ойн өдөр “Шилэн нам” эрдэм шинжилгээ, онол практикийн хурлыг зохион байгууллаа. МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ намууд “шилэн”, сонгуулийн санхүүжилт ил тод болж чадвал системийн авлига тасарна гэдгийг онцолж байна. Өнгөрсөн хугацаанд болж өнгөрсөн, одоо ч уршиг нь бүрэн арилаагүй байгаа нүүрсний асуудал, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь, Хөгжлийн банкны өр, төрийн бүх шатанд нүүрлэсэн авлигын хэлхээ гээд олон асуудал улс төр дагасан хөрөнгө мөнгө, санхүүжилтийг нэн даруй өөрчлөх шаардлагатайг харуулж байгаа юм. Үүнд улс төрийн намууд манлайлж, өөрсдийн үзэл санааг илэрхийлж эхэллээ. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан олон улсын авлигын индекст манай улс байр ухарсан нь улс төрийн намын санхүүжилтийн асуудалтай холбоотой байгааг анхаарч, цаг үеэ дагаж өөрчлөгдөх, шинэчлэгдэх ёстойг онцолж байна. Намуудын төлөөллийн зүгээс олон нийтийн бухимдал нэмэгдсэн энэ үед ярих биш үйлдэл хийх шаардлагатай талаар саналаа илэрхийллээ. Сонгуулийн тогтолцоогоороо намуудын төлөөллийг нэмэгдүүлж, иргэдийн дуу хоолойг бүрэн хүргэх хэрэгтэй байгааг тодотгож байна. Олон намын төлөөлөл парламентад сонгогдсоноор иргэдийн хяналт нэмэгдэж, сөрөг хүчний ажиллагаа идэвхжиж, олон нийтийн дуу хоолой эрх баригчдад бүрэн хүрдэг байх боломж бий. Улс төрийн намууд санхүүжилтээ ил тод нээлттэй тайлагнадаг, хандив зэрэгт дээд хязгаарыг тогтоодог байх нь мөнгөний улс төрөөс ангижрах нэг арга зам гэдэг дээр намууд санал нэгтэй байгааг үүнээс харж болно.

Бусад мэдээ

Ариунзул С.
Ариунзул С.