Монголбанкны судалгаанд хамрагдагчдын 28 хувь нь инфляцын өсөлтийн хурд өөрчлөгдөхгүй гэж үзэв. Монголбанк 1030 иргэнийг хамруулан санамсаргүй түүврийн аргаар судалгаа хийснээ танилцууллаа.
Судалгаанд хамрагдсан иргэдийн дийлэнх буюу 81 хувь нь оны эхний гурван сард инфляц эрчимжинэ гэж үзсэн байна. Тэдний 46 хувь нь “Үнийн түвшин одоогийн түвшнээс илүү хурдацтайгаар өснө”, 28 хувь нь “Үнэ өснө. Гэхдээ өсөлтийн хурдац өөрчлөгдөхгүй”, долоон хувь нь “Үнэ өснө. Гэхдээ өсөлтийн хурд буурна” гэж хариулжээ.
Иргэдийн инфляцын хүлээлтийг тоон утгаар асууж, хариултуудын жигнэсэн дундаж утгыг тооцон үзэхэд инфляц ирэх гурван сард буюу 2023 оны I улиралд 9.8 хувь байх бол 2023 оны IV улиралд 11.3 хувь байх төлөвтэй байна.
Тоон хариултын хувьд ирэх гурав болон 12 сарын хугацаанд инфляцын хүлээлтийн утга зорилтот түвшин 6±2 хувийн түвшнээс илүү байгааг Монголбанкны судалгааны үр дүнд мэдээллээ.
Харин валютын ханшийн хүлээлтийн хувьд "Төгрөгийн ханш суларна" гэсэн мужид хэвээр хадгалагдсан байна. 2022 оны IV улирлын байдлаар өмнөх улиралтай харьцуулбал ханшийн хүлээлтийн индекс бага зэрэг буурах хандлагатай байгааг мэдээлсэн байна.
Мөн зээлийн хүүгийн хандлагын тал дээр явуулсан судалгааны дүнд иргэдийн 41 хувь нь оны эхний улиралд зээлийн хүү өмнөх оны эцсээрх түвшинд хэвээр хадгалагдана гэж үзжээ. Харин 23 хувь нь “Өснө”, 10 хувь нь “Зээлийн хүү буурна” гэсэн хүлээлттэй байгаа аж.
Ерөнхийдөө 2022 оны I улирлаас хойш зээлийн хүүний чиглэлийн индекс "Өснө" гэсэн мужид хэвээр байгаа ч сүүлийн судалгаагаар ийнхүү “Зээлийн хүү бага зэрэг буурна” гэсэн хүлээлттэй иргэдийн тоо нэмэгдсэнийг судалгааны дүнгээс харж болохоор байна.
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Монголбанк 2023 онд инфляцыг дунджаар найман хувьд барихаар төлөвлөсөн. Энэ оны IV улирал гэхэд инфляцыг нэг оронтой тоонд оруулна. Нөхцөл нь бүрдсэн" гэж мэдэгдлээ. Мөн тэрбээр "Бид энэ ондоо багтаад инфляцыг зорилтот түвшинд хүрнэ гэж харж байна. Инфляц алгуур саарч байна. Монголбанкны төсөөллөөр 2023 оны IV улиралд инфляцыг найман хувьд, 2024 оны IV улиралд долоон хувьд хүрнэ гэж харж байна" гэж тодотгов.