УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганыг нээж үг хэллээ. Тэрбээр "Авлигатай тэмцэх, авлигыг үл тэвчих үзэл санааг суулгаж өгөх хэрэгтэй. Авлигатай тэмцэхэд төрийн бүх байгууллагын манлайлан, хүчин чармайлт чухал. Авлигыг үл тэвчих ард түмний нийтлэг хүсэл зорилго нь шаардлага, гарц шийдлийг эрэлхийлдэг.
УИХ хууль үйлдвэрлэж, батлаад л байдаг. Харин хуулийн хэрэгжилтийг хангуулах хяналт шалгалтын механизм байгуулах шаардлагатай гэсэн саналыг 2017 оны Үндэсний хэмжээний санал асуулгын үеэр иргэдийн төлөөлөл хэлж байсан.
УИХ хянан шалгах түр хороо байгуулах эрх зүйн үндсийг бүрдүүлсэн. Парламентын хянан шалгах чиг үүргийг шинэ шатанд гаргасан юм.
Хөгжлийн Банкны, нүүрсний хэргийн талаар УИХ-ын гишүүд эхэлж шүгэл үлээж, олны анхааралд оруулсан гэдгийг цохон тэмдэглэе. Хөгжлийн Банкны гурав дахь шатны сонсгол явагдаж байна. Энэ сонсголоор тус банкны 7.8 их наяд төгрөгийн зээлийг хэн ямар зориулалтаар авсныг олон нийтэд нээлттэй мэдээлж байгаа.
Бид улсынхаа нийгэм, эдийн засагт эрх зүйн шинэчлэл хийх 10 багц хуулийг хэлэлцэн батлах зорилт дэвшүүлсэн. Эдгээрээс авлигатай тэмцэх, улс төр, засаглалын чиглэлээр шинэчлэлийн бодлогын үндсэн асуудлын талаар дурдлаа.
Нийгмийн бодлогын хүрээнд гурван багц хуулийг хэлэлцэнэ. Боловсролын, Нийгмийн даатгалын, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэнэ" хэмээв.
Чуулганы нээлтийн дараа Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн мэдээллийг хаалттай сонсох юм.