1999 онд 67 настай 9-р Богд Жамбалнамдолчойжижанцан Орос улсаар дамжин Монголд анх удаа хөл тавьсан байдаг. Лам хуврагууд 9-р Богд Жавзандамба хутагтыг Эрдэнэзуу хийдэд нууц байдалтай Бурханы шашны тэргүүнд өргөмжилж байв. Удалгүй Монголын эрх баригчид визний хугацаа хэтэрсэн хэмээн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хүртэл хэлэлцээд түүнийг эх орноосоо хөөж гаргасан гэгддэг. Ингээд яг 10 жилийн дараа буюу 2009 онд 9-р Богд Жавзандамба хутагт Жамбалнамдолчойжижанцан Монгол улсад дахин хөл тавьсан байдаг. Ингэхдээ Оросоор бус Өмнөд Солонгосоор дамжин шууд Монгол Улсыг зорин иржээ. Дараа жил нь ба 2010 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол улсын харьяат болсон. 2011 онд Гандантэгчэнлин хийдэд 9-р Богд Жамбалнамдолчойжижанцан хутагтыг Монголын бурханы шашны тэргүүнээр дахин өргөмжилж, ширээнд залах ёслол Гандантэгчэнлин хийдэд болж байлаа. 2012 оны нэг дүгээр сарын 19-ны өдөр тухайн үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг буулган, Монголын бурханы шашны тэргүүн хэмээн батламжилсан түүхтэй.
2012 оны гурав дугаар сарын 1-ны өдөр буюу цагаан сарын шинийн наймны билэгт сайн өдөр Монголын бурханы шашны тэргүүн 9-р Богд Жамбалнамдолчойжижанцан хутагт наян нэгэн насандаа Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын Гандантэгчэнлин хийдэд жанч халсан (таалал төгссөн) юм. Түүнийг таалал төгсөхөөс хэдхэн хоногийн өмнө Монполимент" группийн үүсгэн байгуулагч УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавын охинтойгоо очиж бараалхаж байсан бөгөөд тухайн үед 9-р Богд “Би танайд очноо” хэмээн хэлж байсан гэгддэг.
Түүний бичиж үлдээсэн бошги буюу гэрээслэлд “Би Их Монгол оронд төрнө. Миний дараагийн дүр болох 10-р Богд нь шашин номын үйл хэрэг эрхэлнэ” хэмээн гэрээслэжээ. Бурхны шашны гурван өндөрлөг гэгддэг Ванчин Богд, Далай лам, Богд Жавзундамба нь бие биесийнхээ хойт дүрийг баталгаажуулдаг бөгөөд 2016 оны 12 дугаар сарын 29-ны өдөр Далай лам өөрийн биеэр айлчлахдаа 10-р Богдыг хүлээн зөвшөөрсөн байдаг. Далай ламын тодруулсан 10-р Богд бол Дэлхийн Буддын шашны ноён гурван оргилын нэг бөгөөд Далай ламыг бурханы оронд одсоны дараа түүний хойд дүрийг тодруулах өндөр эрх, үүрэг хүлээж буй юм. Ийм учраас Их Монгол орныг зорин ирсэн 10-р Богдынхоо талаар муу муухай үг хэллэгийг тэвчиж, үгийн муугаар сэвтээхгүй, сүсэглэн залбирах ухаантай байх юм шүү Монгол Зон олон минь.
Ж.Хэрлэн