Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монголын 3х3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчид, багш, дасгалжуулагчийг хүлээн авч уулзжээ.
Сингапур Улсад зохион байгуулагдсан FIBA 3X3 сагсан бөмбөгийн 2023 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй 24, эмэгтэй 18 баг өрсөлдсөнөөс Монгол Улсын үндэсний шигшээ эрэгтэй баг нэгдүгээр байр, эмэгтэй баг зургаадугаар байранд орсон юм.
Монгол Улсын тамирчид багийн спортоор түүхэн амжилт гаргаж, Ази тивийн хошой аварга болсонд Монгол Улсын Ерөнхийлөгч баяр хүргэж, ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийлэв.
Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн багш, дасгалжуулагч, тамирчдын нөр их хөдөлмөр зүтгэл, эв нэгдлийн хүчээр тус спортод амжилтаа ахиулж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.
Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Г.Батцэнгэл сагсан бөмбөгийн холбоодын асуудал цэгцэрч, сагсчид Монгол гэдэг нэрийн дор нэгдэж чадсанаар тив, дэлхийн түвшинд өндөр амжилт үзүүлэх итгэл дүүрэн байгааг хэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчид талархал илэрхийлэв.
Ерөнхийлөгч 3х3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчдын олимпын эрх авах, оноо цуглуулах тэмцээнүүдэд нь амжилт хүслээ.