НҮБ-ын Эдийн засаг нийгмийн зөвлөл (UN ECOSOC)-д тусгай зөвлөлдөх статустай HWPL энх тайвны ОУТББ нь IPYG нийгэмлэгийн сайн дурын залуустай хамтран иргэний нийгэм, боловсрол, хууль зэрэг салбар бүрийн төлөөлөл, сайн дурынхныг хамарсан 1000 хүний оролцоотой “Монголын ирээдүй, Залуусын оролцоо” анхдугаар чуулганыг 4 дүгээр сарын 8-нд Corporate Hotel & Convention Centre-ийн концертын танхимд амжилттай зохион байгууллаа.
Энэхүү чуулганы үеэр залуучуудын ухамсар, хандлагыг дээшлүүлж, тэдний нийгэм дэх бодит оролцоог нэмэгдүүлэх арга замууд болон дэлхий дахинд аюулгүй, амар тайван нийгмийг цогцлооход чухал үр нөлөөтэй “Дайныг зогсоож, энх тайвныг тогтоох тунхаглал (DPCW)”-ын хүрээнд хэрэгжиж буй энх тайвны соёлыг түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааны ач холбогдлыг танилцуулсан билээ.
“Монголын ирээдүй, Залуусын оролцоо” чуулганд Шадар сайд асан Ц.Оюунбаатар, Батлан хамгаалах яамны сайд асан Ж.Гүррагчаа, Монголын үндсэн хуулийн цэцийн дарга асан Н.Жанцан, Монгол улсын гавьяат багш О.Пүрэв, МУИС-ийн Оюутны хөгжил эрхэлсэн захирал Г.Галбаяр, Монголын Эцэг Эхчүүдийн Үндэсний Зөвлөлийн Тэргүүн Б.Алтанжолоо, Ротарактуудын 9-р бүсийн төлөөлөгч Э.Эрдэнэсувд, HWPL байгууллагын харьяа Олон улсын залуучуудын энх тайвны нийгэмлэг (IPYG)-ийн төсөл хөтөлбөр хариуцсан менежер Ким Лин, HWPL байгууллагын Инчон салбарын Европ дахь төслийг хариуцсан захирал Шин Кэйт зэрэг хүндэт зочид төлөөлөгчид хүрэлцэн ирсэн.
Чуулганд хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид нийгмийн аливаа үйл хэрэг, энх тайвны соёлыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд нэгдэн, идэвх зүтгэлтэй оролцохыг хүндэтгэлийн үг болон илтгэлүүдээрээ залуучууддаа уриалсан юм.