БНХАУ, Монголын гаалийн байгууллага экспортын төрлийг нэмэгдүүлэхэд чиглэлд хамтран ажиллаж байна. Тухайлбал адууны дайвар бүтээгдэхүүн, зөгийн бал, ноос, ноолууран бүтээгдэхүүнийг экспортлох протоколыг байгуулахаар бэлтгэж байгаа аж.
Энэ талаар ГЕГ-ын гадаад хамтын ажиллагааны хэлтсийн гаалийн улсын байцаагч Ц.Даваасүрэн "Энэ сарын сүүлээр хоёр улсын хилийн гаалийн байгууллагын дарга нарын уулзалт болно. Уулзалтаар хилийн гааль буюу боомт дээр тулгарч буй асуудал, цаашид хил гаалийн байгууллагын үйл ажиллагааг хэрхэн хөнгөвчлөх чиглэлээр тохиролцож, хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ.
Энэ ондоо адууны дайвар бүтээгдэхүүнийг экспортлох хэрэгцээ шаардлага ААН-үүдээс ирж байгаа. Тиймээс адууны дайвар бүтээгдэхүүнийг экспортлох процесс одоо хийгдэж байна. Бичиг баримтыг тохирох, гэрээ хийгдэх, холбогдох мал амьтны ариун цэврийн гэрчилгээ тохирох зэрэг протокол үйлдэх бэлтгэл ажлууд хийгдэж байна. Дараа нь зөгийн балны экспортын ажлыг үргэлжлүүлнэ.
Түүнчлэн БНХАУ-ын гаалийн байгууллагатай пүүгийн жин харилцан хүлээн зөвшөөрөх, зарим барааны гаалийн хяналт шалгалтыг харилцан хүлээн зөвшөөрөх чиглэлээр хамтран ажиллаж байна" гэв.
Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар