Дэлхийн банкнаас Монгол Улсын 2022 оны эдийн засгийн тайланг өнөөдөр танилцууллаа.
Монгол Улсын эдийн засаг 2022 онд 4.7 хувиар өссөн бол уул уурхайн салбарын олборлолт болон экспорт тэлж байгаатай холбоотойгоор энэ онд 5.2 хувиар өсөх төлөвтэй байна хэмээн дүгнэжээ. Цар тахлын үеийн уналтаас хойш Орос Украины мөргөлдөөн, хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт зэрэг амаргүй сорилтуудтай үед эдийн засаг сэргэж байгаа нь сайн боловч энэ бүрэн гүйцэд сэргэлт биш гэдгийг Дэлхийн банкны ахлах эдийн засагч Хосе Лүйз Диаз Санчез тодотгов.
Тэрбээр, Эдийн засгийн сэргэлт нь 2022 онд төсвийн орлого дорвитой өсөхөд нөлөөлсөн. Энэхүү орлого экспортын өсөлт болон хөдөлмөрийн зах зээлд сэргэлт гарсантай холбоотой. Төсвийн зардал 2021 онтой харьцуулахад тодорхой хэмжээгээр буурсан. Төсвийн зардал 2021 онд ДНБ-ий 35 хувьтай тэнцэж байсан бол энэ үзүүлэлт 34 хувь болж бага зэрэг буурлаа. Гэвч төсвийн зардал цар тахлын өмнөх үетэй харьцуулахад өндөр хэвээр байна.
2022 онд гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгал доогуур байгаа учир валютын албан нөөц багасаж, төгрөгийн ханш суларсан хэмээн тайланд дурджээ.
Дэлхийн Банкнаас гаргасан Монголын эдийн засгийн тойм тайлангаас харахад хөдөлмөрийн зах зээл сайжрахын хэрээр өрхийн хэрэглээ тогтвортой түвшинд хадгалагдаж, улсын хөрөнгө оруулалт тэлснээр энэ онд эдийн засгийн өсөлтийг дэмжих хүлээлттэй байна. Харин өвөлжилтийн хүндрэлээс шалтгаалан хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэл саарах төлөвтэй. Цар тахлын хязгаарлалт суларснаар үйлчилгээний салбар, тэр дундаа аялал жуулчлалын салбарын идэвхжил үргэлжлэн сэргэж, дээрх сөрөг нөлөөг нөхөх боломжтой юм.
Ажиллах хүчний оролцооны түвшин Ковид-19 цар тахлын өмнөх үеэс доогуур түвшинд хэвээр байна. Үүний зэрэгцээ өндөр инфляц, улсын салбарын өр, төсөвт дарамт учруулж болохуйц эрсдэлүүд, гадаад секторын тэнцвэргүй байдал болон уул уурхайн салбараас хэт хамааралтай байдал зэрэг нь эдийн засагт тулгамдаж буй гол асуудлууд болж байна.
“Уул уурхайн бус салбарыг бэхжүүлэх нь эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалах, ажиллах хүчний, ялангуяа эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой” хэмээн Дэлхийн Банкны суурин төлөөлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Тиласони Бенжамин Мусуку хэлэв.
Тэрээр мөн “Байгалийн баялгийн бус салбарын өрсөлдөх чадварыг сайжруулах нь бүтээмжийг дээшлүүлж, түүхий эдийн үнийн цочролд өртөх эмзэг байдлыг бууруулах боломжтой” болохыг онцоллоо.
Эдийн засгийн хэтийн төлөвт сөргөөр нөлөөлж болзошгүй хэд хэдэн эрсдэлийг тайланд дурджээ. Тухайлбал хөгжингүй орнууд мөнгөний бодлогын төлөвөө хүлээлтээс илүү хэмжээгээр чангаруулах, геополитикийн хурцадмал байдал даамжрах, Засгийн газрын өр төлбөрүүд их хэмжээгээр хуримтлагдах, нүүрсний экспортын гэрээтэй холбоотой тодорхой бус байдал хэвээр хадгалагдах зэрэг нь эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж болзошгүй байна.
Уул уурхайн үйлдвэрлэл эрчимжсэнээр эдийн засгийн өсөлт 2024-2025 онуудад 6 хувиас давж өсөх төлөвтэй байна. Гэвч цаашдаа тогтвортой өсөлтийг хангах, дотоод, гадаад болон цаг уурын цочмог нөлөөлөлд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэхийн тулд эдийн засгийн төрөлжилтийг дэмжсэн бүтцийн өөрчлөлтүүд чухал ач холбогдолтой хэвээр байна. Илүү идэвхтэй, динамик хөдөлмөрийн зах зээлийг бий болгосноор уул уурхайн бус салбарын бүтээмжийг нэмэгдүүлж, улмаар эдийн засгийг солонгоруулах үйл явцад дэмжлэг үзүүлэх боломжтой.
Ажиллах хүчний хөдөлмөр эрхлэх боломжийг өргөжүүлэх, тэдний ур чадварыг сайжруулах, хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн цогц системийг бий болгох шинэчлэлийг хийх замаар хөдөлмөрийн зах зээлийг бэхжүүлэх тухай бодлогын хэд хэдэн саналыг тайланд дэвшүүлжээ. Эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцоог нэмэгдүүлэн, залууст илүү их боломж бололцоог олгож, хотын оршин суугчдыг хөдөлмөрийн зах зээлд татан оролцуулснаар ажиллах хүчний оролцоо тэлж, улмаар Монгол Улсын хөгжилд томоохон түлхэц болох юм.
Төсвийн тогтвортой байдал, аливаа цочмог нөлөөлөлд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэхэд төсвийн сахилга бат, засаглалын реформууд чухал ач холбогдолтой болохыг тайланд онцолсон байна. Түүнчлэн Монгол Улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, төлбөрийн тэнцлийн дарамтыг багасгахад валютын ханшийн уян хатан байдлыг хангах, хөрөнгө оруулалтын төслүүдийг үр ашиг, зардал, ач холбогдлоос нь хамааруулан эрэмбэ дараатай хэрэгжүүлэх, экспортын орлого ба санхүүгийн хөрөнгийн орох урсгалыг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг авах нь зүйтэй зэрэг зөвлөмжүүд багтжээ.