УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2023.04.24/ хуралдаж, Хөдөө аж ахуйн салбарын цаг үеийн мэдээлэл, Засгийн газраас төлөвлөж буй цалин хөлсийг боловсронгуй болгох чиглэлийн мэдээллийг сонслоо.
Энэ талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хаврын ид ажил өрнөж байна. Хаврын тариалалтын бэлтгэл ажил, махны экспортын өнөөгийн байдал, ноолуурын бизнесийн үйл ажиллагаа, “Хүнсний хувьсгал”-ийн хүрээнд аж ахуй нэгж, бизнесийг дэмжих чиглэлд хийж байгаа ажлын талаар салбарын сайдын мэдээллийг бүлгийн хурлаар сонслоо. Үүнтэй холбоотой бүлгийн хурлаас ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуунд тодорхой чиглэл өгсөн.
Тухайлбал, Нэгдүгээрт, “Хүнсний хувьсгал”-ийн ажлыг эрчимжүүлж, ноолуурын үнийг буулгахгүй, тогтвортой байлгахад чиглэгдсэн тодорхой арга хэмжээ авч ажиллах, гурилын үнэ болон үр тарианы үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд тодорхой ажлуудыг хийх шаардлагатай гэсэн саналуудыг бүлгийн гишүүдийн зүгээс хэлж, дээрх чиглэлийг салбарын сайдад өгсөн.
Мөн өнгөрсөн жил цалин хөлс нэмэгдүүлсэн ч өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өссөн. Иймд инфляцтай уялдуулан цалин хөлс нэмэгдүүлэх шаардлагыг иргэд тавьж байгаа. Үүнтэй холбогдуулж өнөөдрийн бүлгийн хурлаар ХНХ-ийн сайд Х.Булгантуяагийн мэдээллийг сонсож, тус асуудлыг хэлэлцээд бүлгээс Засгийн газарт чиглэл өгсөн.
Нэгдүгээрт, өнгөрсөн жил цалин нэмэхдээ ялгавартай нэмсэн. Энэ ялгаврыг арилгах, салбар хоорондын цалингийн зөрүү байна. Уг зөрүүг арилгаж, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа. Ялангуяа, бага тушаалын улс төрийн албан хаагч, соёлын салбарынхан, төрийн нийтлэг үйлчилгээний албаны цалин бага байна. Иймд дээрх асуудлуудыг цогцоор нь авч үзээд Засгийн газар хөрөнгийн эх үүсвэрийг тооцож, УИХ-д оруулж ирэх чиглэл өгсөн” гэв.