Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр маргааш буюу 31-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 2 дугаар сарын 1-нд, Хангай, Хөвсгөлийн уулс болон говийн бүс нутгийн зүүн хэсгээр, 2-4-ний өдрүүдэд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг болон төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, салхи ихэнх хугацаанд түр зуур 13-15 м/с хүрч ширүүсэх төлөвтэй байна.
Иймд:
Өнөө, маргаашдаа төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, өнөөдрөөс эхлэн ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна.
2020 оны хоёрдугаар сарын 1-5-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Хоёрдугаар сарын 1-нд Хангай, Хөвсгөлийн уулс болон говийн бүс нутгийн зүүн хэсгээр, 2-4-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг болон төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 42-47 градус, өдөртөө 30-35 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 25-30 градус хүйтэн.
Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.