Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй "Эрүүл монгол хүн" үндэсний хөдөлгөөний хүрээнд өнөөдөр /2023.04.28/ "Эрүүл монгол хүн" үндэсний чуулган Төрийн ордонд болж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганы нээлтэд оролцож үг хэллээ. Түүний хэлсэн үгнээс онцолбол "Хүн амын дунд архи, тамхины хэрэглээ, зохисгүй хооллолт, дасгал хөдөлгөөний хомсдол, илүүдэл жин, таргалалт эрс нэмэгдэж байгаа нь Монгол хүний эрүүл мэнд, цаашлаад үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулж байна.
Судалгаанаас харахад насанд хүрсэн иргэдийн 90 гаруй хувь нь ямар нэгэн байдлаар эрүүл мэнддээ анхаарах шаардлагатай гэсэн дүгнэлт гарчээ. Тиймээс ард, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах, соён гэгээрүүлэх, эрүүл амьдрах орчныг бүрдүүлэх, эрүүл хүнсээр хангах, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх үүднээс "Эрүүл монгол хүн" үндэсний хөдөлгөөнийг санаачлан хэрэгжүүлж эхлээд байна.
Нэг монгол хүнд жилд дунджаар 54 литр согтууруулах ундаа оногдож байна гэсэн судалгаа гарчээ.
Манай улсад согтууруулах ундаанаас үүдэлтэй нийгэм, эдийн засаг, эрүүл мэндийн олон сөрөг нөлөөлөл гарсаар байна. Өндөр хатуулагтай согтууруулах ундааны хэрэглээ жил бүр өсөж, насанд хүрсэн нэг монгол хүнд жилд дунджаар 54 литр согтууруулах ундаа оногдож байна гэсэн судалгаа гарчээ. Энэ бол аюулын харанга дэлдсэн, анхаарууштай асуудал болсон нь тодорхой харагдаж байна. Иргэд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, түүнд донтох байдал улам бүр нэмэгдэж байна гэсэн судлаачдын дүгнэлт ч гарчээ.
Хөрс, хүн, хүнс гурав хүйн холбоотой. Тиймээс "Тэрбум" мод үндэсний хөдөлгөөн, Хүнсний хувьсгалыг өрнүүлж байгаа юм. Монголчууд бид 100, 100 жил тэрбум, тэрбумаар мод тарих ёстой ард түмэн. Газар нутгийнхаа 40 хувийг бид ойжуулах ёстой. Ингэж чадвал Монгол Улс тогтвортой хөгжлийнхөө үндэс суурийг тавьж чадна.
Бүх зүйл муу, муухай биш. Монгол Улс хөгжиж байгаа шүү, эх орон минь сайхан болж байгаа. Болж, бүтэж байгаа зүйлийг харж, нүд сэтгэлээ баясгаж амьдарч сурах хэрэгтэй байгаа юм" гэлээ.