Өмнөд Солонгосын үндэсний агаарын тээвэрлэгч Korean Air компани нэг нисэх онгоцоо Blackpink хамтлагийн гишүүдийн зургаар чимэглэх болсныг тус улсын ерөнхийлөгчийн тамгын газар Пүрэв гарагт мэдэгджээ.
Энэ нь 2030 онд болох World Expo олон улсын томоохон арга хэмжээг тус улсын Бусан хотод зохион байгуулах эрх авах кампанит ажлын нэг хэсэг юм байна.
Уг арга хэмжээг зохион байгуулах эрхийн төлөө Өмнөд Солонгос, Итали, Украин, Саудын Араб улсууд өрсөлдөж байгаа юм.
Бөөрөн дээрээ K-pop охидын хамтлагийн гишүүдийн зурагтай Boeing 777-300ER нисэх онгоцоо Korean Air компани Лхагва гарагт албан ёсоор нээсэн байна.
Уг онгоц Пүрэв гарагт эхний нислэгээ Инчоноос Парис хотын чиглэлд үйлджээ. Цаашдаа дэлхийн олон хотууд руу нисэж, Бусан хотыг сурталчлах юм байна.
Өмнөд Солонгосын эрх баригчид World Expo олон улсын үзэсгэлэнг Бусан хотод зохион байгуулах нь солонгосын үндэсний болон орчин үеийн соёл урлагийг дэлхий дахинд таниулан сурталчлах чухал боломж гэж үзэж, эрх олж авах өрсөлдөөнд онцгой анхаарал хандуулж байгаа ажээ.