БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар тус улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг угтах ёслол 2022 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр Хятадын Ардын Их Хурлын ордонд болов.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэг нарыг БНХАУ-ын дарга, Хятадын Коммунист Намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин, гэргий Пөн Лиюань нар угтлаа. Энэ үеэр БНХАУ-ын Төрийн хүндэт харуул жагсаж, Тяньаньмэний талбайд 21 удаа ёслолын буудлага хийсэн юм.
Угтах ёслолын үеэр цэргийн найрал хөгжимд Монгол Улс, БНХАУ-ын Төрийн дуулал эгшиглэж, БНХАУ-ын Төрийн хүндэт харуулын цэргүүд ёслолын жагсаал хийв.
Үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Ши Жиньпин нар албан ёсны хэлэлцээ хийлээ.
Төрийн тэргүүн нар Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа амжилттай өргөжин хөгжиж буйг тэмдэглэж, талуудын харилцан ойлголцол, улс төрийн итгэлцлийг бэхжүүлж, харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэхээр санал нэгдлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаатай байх нь Монгол Улсын гадаад харилцааны бодлогын эн тэргүүний зорилт гэдгийг тэмдэглэж, олон улсын нөхцөл байдал ээдрээтэй, дэлхий дахинд цар тахал үргэлжилж, шинэ сорилтуудтай тулгарч буй амаргүй энэ үед Монгол, Хятад хоёр улс харилцаа, хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэх нь чухал болохыг онцлов.
Хоёр улсын төрийн тэргүүн нар Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлыг дүгнэж, хамтын ажиллагааны цаашдын чиглэлийг тодорхойлж, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, хоёр талын худалдааны хэмжээг ирэх таван жилд 20 тэрбум ам.долларт хүргэх, уул уурхайн бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, нүүрс урт хугацаанд тогтвортой экспортлох, худалдааны бүтцийг төрөлжүүлэх, газрын тосны хамтын ажиллагааг өргөжүүлэх, буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хамтран хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын төслүүдийн явцыг урагшлуулах зэрэг асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов.
Мөн дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг хятадын тал бүрэн дэмжин ажиллахаа илэрхийлж, цаашид хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр санал нэгдэв. Түүнчлэн цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх, газрын доройтлыг бууруулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын гурван талт хамтын ажиллагааг хөгжүүлэхэд манай талаас өндөр ач холбогдол өгдөг болохыг онцолж, “Эдийн засгийн коридорын хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг урагшлуулах талаар санал солилцов. Тус хөтөлбөрийг бодитоор хэрэгжүүлэх нь гурван улс төдийгүй бүс нутагт ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдэв.
Түүнчлэн олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцлоо.