Төрийн 215 үйлчилгээг 24 цагийн турш авах боломжтой “Цахим төв”-ийг аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэд байгуулж өнөөдөр нээлтээ хийлээ.
Орхон аймаг нь Монгол Улсын Засгийн Газрын үйл ажиллагааны бодлого чиглэл, Төрийн бүтээмжийн сэргэлттэй уялдуулан цахим аймаг болох зорилтыг тавьжээ. Тус зорилтын хүрээнд иргэдэд чанартай хүртээмжтэй, хялбар цахим үйлчилгээг хүргэх, байгаль орчинд ээлтэй ухаалаг хот болохоор “Цахим Эрдэнэт” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа ажээ. Хөтөлбөрийн хүрээнд хийж буй нэгэн ажил нь энэхүү Цахим төв гэдгийг аймгийн Засаг дарга С.Батжаргал онцоллоо.
Иргэдэд төрийн үйлчилгээг түргэн, шуурхай чирэгдэлгүй хүргэх үүднээс өмнө нь “Нэг цэгийн үйлчилгээ”-ний зориулалтаар ажиллаж байсан төвийг орон нутгийн санхүүжилтээр шинэчлэн засварлаж ашиглалтад оруулсан байна.
Тус төвөөс иргэд төрийн үйлчилгээний “ТҮЦ” машинаар иргэн хуулийн этгээдийн 16 төрлийн 37 үйлчилгээ, “E-Mongolia” Цахим үйлчилгээний нэгдсэн ХУР-ДАН системээс иргэн, хуулийн этгээдийн 73 төрлийн үйлчилгээг, Улсын бүртгэлийн хэлтсийн киоск машинаар 9 төрлийн 72 үйлчилгээг авах боломжтой юм.
Мөн ХААН банкны АТМ болон киоск машин, Төрийн банкний АТМ, Төлбөр тооцооны киоск машинаар Төрийн үйлчилгээ, үүрэн холбоо, авто тээвэр гэх мэт 5 төрлийн 33 үйлчилгээг цахимаар хүргэнэ.
Орхон аймаг нь төрийн үйлчилгээг олон шат дамжлагагүй хүнд сурталгүй иргэд олон нийтэд түргэн шуурхай хүргэх чиглэлээр Баян-Өндөр, Жаргалант сумдад E-Mongolia төвийг 2021 оноос ажиллуулж эхэлсэн. Ийн орон нутгуудаас анхлан төрийн үйлчилгээний “Цахим төв”-ийг албан ёсоор нээж байна.
Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Мэдээллийн төв