Эмгэг судлалын ирээдүйн чиг хандлага-хөгжлийн гарц” үндэсний анхдугаар зөвлөгөөнийг амжилттай зохион байгууллаа
Эмгэг Судлалын Алба үүсч хөгжсөний түүхт 90-н жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг хүрээнд Эмгэг Судлалын Үндэсний төв, Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага хамтран “Эмгэг судлалын ирээдүйн чиг хандлага-хөгжлийн гарц” үндэсний анхдугаар зөвлөгөөнийг 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр зохион байгууллаа.
Уг зөвлөгөөнд улсын 21 аймаг, нийслэлийн нийт 120 гаруй эмгэг судлаач, эс судлаач эмч нарын төлөөлөл оролцлоо.
Энэхүү зөвлөгөөнийг нээж Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд болон холбогдох албаныхан оролцож эмгэг судлалын салбарт авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, бодлогын шинэчлэлийн талаар мэдээлэл хийж, эмгэг судлаач, эс судлаач эмч, шийдвэрлэх арга замын талаар санал солилцлоо. Мөн ДЭМБ-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Сокоро Эскаланте үг хэлж Монгол Улсад төдийгүй дэлхий нийтэд эмгэг судлаач эмчийн хүнийн нөөцийн хомсдол их байгааг цохон тэмдэглэж, эмгэг судлаач эмч нарыг чадавхжуулах, үзүүлж буй тусламж үйлчилгээний ажлын чанарыг сайжруулах тал дээр ДЭМБ, ЭМЯ-тай хамтран дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.
Зөвлөгөөний эхний хэсэг эрүүл мэндийн салбарын бодлого төлөвлөлт, цаашдын чиг хандлага, эмгэг судлалын салбарын өнөөгийн байдал болон эмгэг судлалын тусламж, үйлчилгээнд тулгамдаж буй асуудал түүнийг сайжруулах хэрэгцээ шаардлага сэдвээр онол практикийн бага хурал хэлэлцэгдсэн бол зөвлөгөөний хоёрдугаар хэсэгт нийт оролцогчдыг 4 бүлэгт хуваан Анатомийн эмчийн хөгжлийн чиг хандлага, эмгэг судлалын тусламж үйлчилгээний санхүүжилтийн асуудал, нийгмийн хамгаалал, хууль эрхзүйн үндэс болон чанарын гадаад хяналт гэсэн сэдвээр бүлгийн хэлэлцүүлэг хийж санал, шүүмж, асуулт тавьж хэлэлцлээ.
Мөн эмгэг судлалын тусламж, үйлчилгээнд сүүлийн үеийн технологийн дэвшлийг ашиглах боломжийг бүрдүүлэх, эмгэг судлаач эмч нарыг гадаад, дотоодын сургалтад хамруулах, хүний нөөцийн хомсдол, үүнийг үүсгэж буй цалингийн тогтолцоо, ажиллагсдын нийгмийн баталгааг хангах, ажлын ачааллыг тэнцүүлэх зэргийг анхааран үзэхийг нийт оролцогчдын зүгээс анхаарч ажиллахыг хүслээ.
Энэхүү зөвлөгөөн нь эмгэг судлалын салбарын нийт эмгэг судлаач эмч нарыг нэгтгэсэн, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гарц замыг нээж өгсөн үр дүнтэй арга хэмжээ болж өндөрлөлөө.