Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар Япон Улсын хөгжлийн загвар, туршлагаас суралцах, сайн жишиг туршлагыг эх орондоо нутагшуулах зорилгын үүднээс “Япон лугаа адил хөгжье” цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж буй.
Цуврал хэлэлцүүлгийн хүрээд Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо, “ЖАЙКА” олон улсын байгууллагатай хамтран “Япон Улсын аж үйлдвэрийн хөгжил ба жижиг дунд үйлдвэрийг дэмжих бодлогын туршлага судлах нь” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг өчигдөр (2023.05.16) Төрийн ордонд зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Кобаяши Хироюки, “ЖАЙКА” Олон улсын байгууллагын Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Танака Шиничи, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны гишүүд, Худалдаа аж үйлдвэрийн танхим, Сангийн яам, Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, их дээд сургуулиуд, төрийн бус байгууллагууд болон жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн төлөөлөл оролцлоо.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулагчдад талархал илэрхийлээд Япон-Монголын дипломат харилцаа тогтоосноос хойших 50 жилийн хугацаанд хоёр орны харилцаа стратегийн түншлэлийн харилцаанд хүрч, эдийн засгийн түншлэлийн гэрээг байгуулж хамтын ажиллагаа тэлсээр байгааг онцлов. Тэрбээр, Миний хувьд Япон Улсын хөгжлийн загвар, Ази маягийн эдийн засаг, засаглалын тогтолцооны сайн жишгийг судлах зорилгоор “Япон лугаа адил хөгжье” уриалгыг гаргасан.
Энэ хүрээнд өмнө нь Япон Улсын хүмүүнлэгийн боловсрол, Аж үйлдвэржилт ба Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн яамны чиг үүрэг, Төсвийн хөрөнгө оруулалтын стандарт, Төрийн албаны тогтолцоо зэрэг 5 сэдвээр цуврал хэлэлцүүлгийг “ЖАЙКА” Олон улсын байгууллагатай хамтран өрнүүлсэн. Өнөөдрийн хэлэлцүүлгийг “Япон Улсын аж үйлдвэрийн хөгжил ба жижиг, дунд үйлдвэр” гэсэн сэдвийн хүрээнд зохион байгуулж байна. Монгол Улсын хувьд нэмүү өртөг шингээн үйлдвэрлэж, бусад улс оронд худалдаалан валютын орлого олдог бүтээгдэхүүн бараг байхгүй, зөвхөн байгалийн баялгаа зарж байна. Энэ нь түүхий эдийн үнийн хэлбэлзлээс хэт хараат, эмзэг эдийн засагтай болгодог. Цаашлаад нийгэмд дундаж давхарга тэлэхгүй байх үндсэн шалтгаан болж байна. Импортоос хэт хараат, эмзэг эдийн засагтай байгаа энэ байдал цаашид удаан үргэлжилж болохгүй. Тиймээс шийдвэртэй арга хэмжээ авах шаардлагатай байна. Ялангуяа аж үйлдвэрлэлээ хөгжүүлж, бизнесийг дэмжиж, экспортлогч улс болох шаардлага бидэнд үүсээд байна. Ийнхүү экспортоо тэлэхэд жижиг дунд үйлдвэрлэл чухал ач холбогдолтой хэмээлээ.
Японы нийт аж үйлдвэрүүдийн 90 гаруй хувь нь жижиг дунд үйлдвэр бөгөөд нийт ажил эрхлэдэг иргэдийн 70 орчим хувь нь ажилладаг байна. Орон нутагт ажлын байрыг бий болгоход жижиг дунд үйлдвэр эрхлэгчид ихээхэн үүрэг гүйцэтгэдэг байна.
Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Кобаяши Хироюки “Япон Улсын Засгийн газраас Эдийн засаг, аж үйлдвэрийн яам, Жижиг дунд үйлдвэрийн газраар дамжуулан жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих бодлого явуулсаар ирсэн. Монгол Улсыг тогтвортой хөгжүүлэхийн тулд аж үйлдвэрийг төрөлжүүлж, жижиг дунд үйлдвэрүүдийг хөгжүүлэх нь зүйтэй гэж бодож байна. Японы Улсын жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлсэн туршлага Монгол Улсын хөгжилд тус нэмэр болоосой хэмээн хүсч байна” хэмээгээд өнгөрсөн гуравдугаар сард Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Япон Улсад албан ёсны айлчлал хийж хоёр улсын харилцааны дараагийн 50 жилийн хамтын ажиллагааг урагшлуулах томоохон алхам хийснийг тэмдэглэсэн юм.
Улсын Их Хурлаас 2019 онд Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталснаар жижиг, дунд үйлдвэр эрхлэгч аж ахуй нэгжийн цар хүрээ, ангилал, төрийн зохицуулалт, дэмжлэг, санхүүжилтийн эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгосон. Цаашид жижиг, дунд үйлдвэрийг кластераар хөгжүүлэх, томоохон үйлдвэр дагасан жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх шаардлага бий. Мөн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг хөгжүүлэхэд санхүүгийн дэмжлэг чухал гэдгийг Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин хэлэлцүүлгийн үеэр онцлоод энэ зорилгоор байгуулагдсан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн засаглалыг сайжруулах, зээлийн өгөөжийг нэмэгдүүлэх тал дээр олон улсын сайн жишгийг судлан хэрэгжүүлэх шаардлагатайг дурдсан.
“ЖАЙКА” Олон улсын байгууллагын Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Танака Шиничи “Аж үйлдвэрийг хөгжүүлэх, солонгоруулахад чиглэсэн жижиг дунд үйлдвэрийн хүний нөөцийг бэлтгэх, аж ахуйн үйл ажиллагааг дэмжих төрийн бодлого, эрх зүйн орчныг бий болгох асуудал чухал. Манай улс дэлхийн II дайны дараагаас эдийн засгаараа дэлхийд тэргүүлэх улс орнуудын нэг болж чадсан. Энэ амжилтын үндэс нь төрөөс аж үйлдвэр, жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих үр дүнтэй бодлого боловсруулж хэрэгжүүлсэнд байгаа юм. Мөн төр, хувийн хэвшил, судалгаа шинжилгээний байгууллагууд нэг цогц болж хамтран ажилласны үр дүн гэж харж байгаа” гэлээ.