Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Мөнгөншагай нар холбогдох албаныхны хамт Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо /МХҮХ/-ны гишүүдтэй “Асуудал шийдэл” хэмээх хэлэлцүүлгийг өрнүүллээ. Хэлэлцүүлгийн үеэр харааны бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх боломж, нөхцөлийг хэлэлцэж, тусгай хэрэгцээт иргэдийн байр суурийг салбарын бодлого, шийдвэрт тусгахаар санал солилцсон юм.
Уулзалтад МХҮХ-ны ерөнхийлөгч Н.Ганзориг болон холбооны гишүүдээс гадна Хотын стандарт, хяналтын газрын Хотын хөгжлийн стандартын хэлтсийн дарга Б.Ариунтуяа, Нийслэлийн Нийтийн тээврийн Хяналт шалгалтын хэлтсийн дарга Ц.Мягмар, Нийслэлийн Замын хөгжлийн газрын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Дугуйн ба явган хүний зам, тохижилтын хэлтсийн дарга Г.Билгүүн нар оролцсон юм.
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө:
-Нийслэлийн зүгээс иргэдэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, санал бодлыг нь ажилдаа тусгахаар цувралт уулзалтуудыг хийдэг. Энэ удаад бид тусгай хэрэгцээт иргэдийн холбоод, төрийн бус байгууллагуудтай уулзаж, санал солилцож байна. Харааны бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй асуудлыг сонсож, бодлого, шийдвэртээ тусгахаар энд холбогдох албаны хүмүүс ч ирлээ. Аль аль талдаа ойлголцож, нэг нэгнийхээ асуудлыг сонсох, шийдвэрлэхэд бидний уулзалтын гол зорилго орших юм хэмээлээ.
Иргэдийн амьдрах, ажиллах, зорчих ая тухтай орчныг бүрдүүлэхээр батлан хэрэгжүүлж буй Хотын стандарт, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчин бүрдүүлэх талаар эдгээр стандартад ямар заалт, шаардлагуудыг багтаасан талаарх мэдээллийг Хотын хөгжлийн стандартын хэлтсийн дарга Б.Ариунтуяа танилцуулсан юм. Тухайлбал, харааны бэрхшээлтэй иргэдийн зорчих хөдөлгөөнд чухал үүрэг гүйцэтгэдэг замын чиглүүлэгч хавтангийн стандартыг баталсныг тэрбээр онцолсон юм.
Түүнчлэн нийтийн тээврээр болон явган зорчиход хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээ шаардлагыг хангахад авч буй арга хэмжээний талаарх мэдээллийг холбогдох албаныхан өглөө.
Нийслэлийн Нийтийн тээврийн Хяналт шалгалтын хэлтсийн дарга Ц.Мягмар “Нийслэлийн нийтийн тээвэрт парк шинэчлэл хийж байгаа. Энэ хүрээнд оруулж ирж буй автобуснууд хөгжлийн бэрхшээлтэй иргэд таатай зорчих нөхцөл бүрдүүлсэн стандарттай. Түүнчлэн автобусны буудлыг тогтмол зарлаж байх шаардлагыг жолооч нарт тавьж ажиллаж байна. Түүнээс гадна автобусны буудал дээр ирж буй тээврийн хэрэгсэл аль чиглэлийнх болохыг зарлах боломжийн талаар судалгаа хийж буй” хэмээсэн юм.
Түүнчлэн зам, талбайг засаж шинэчлэхдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй болгохыг зорьж буйг Дугуйн ба явган хүний зам, тохижилтын хэлтсийн дарга Г.Билгүүн онцолсон.
Зорчих хөдөлгөөнд хамгийн их хүндрэл учирдаг
Уулзалтын үеэр МХҮХ-ны гишүүд, харааны бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл тулгамдаж буй асуудлуудын талаар хуваалцаж, санал, хүсэлтээ уламжиллаа.
Харааны бэрхшээлтэй иргэдийн хувьд тулгамдаж буй хамгийн том асуудал нь зорчих хөдөлгөөн байдаг. Тухайлбал, явган болон нийтийн тээврээр зорчиход хүндрэл, бэрхшээлүүдтэй тулгардаг, энэ нь өдөр тутмынх нь амьдрал, ажилд нөлөөлж байгааг онцолж байлаа. Явган хүний зам чиглүүлэгч хавтангүй, байсан ч энэ нь стандартын бус, хальтирдаг тул үүнийг шийдэхэд анхаарах хүсэлтийг гаргаж байв. Түүнчлэн явган хүний зам дээр шон, мод байдаг нь тэдний зорчих хөдөлгөөнд саад учруулдаг, цаашлаад эрүүл мэнд, аюулгүй байдалд нь ч нөлөөлдөг. Гудамж, зам, нийтийн эзэмшлийн талбайд тогтсон шалбааг, тогтоол ус, замын энхэл донхол ч тэдний зорчих хөдөлгөөнийг ч хязгаарлаж байгаа юм. Нийтийн тээврээр зорчиход автобусны буудлаа зарладаггүйгээс төөрөх тохиолдол олон гардгийг тэд онцолсон.
Одоо тулгамдаж байгаа эдгээр асуудлыг шийдвэрлэх, цаашид зам талбайн тохижилт, засвар хийх, нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэхдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээ, шаардлагыг харгалзан, тэдэнд ээлтэй орчин бүрдүүлэхэд анхаарч ажиллахаа З.Төмөртөмөө мэдэгдлээ.
Мөн харааны бэрхшээлтэй иргэд олноор ажиллаж, амьдардаг МХҮХ-ны байрны гадна талбайг тохижилтын ажлыг нийслэлээс дэмжихийг тэрбээр онцолсон юм. Тодруулбал, энэхүү талбайн ногоон байгууламж, тохижилтын ажлыг нийслэлээс бүтээн байгуулалтыг саруудад гүйцэтгэх юм.
Уулзалтын төгсгөлд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө олон улсын хэмжээнд амжилт гаргасан тамирчдад шагнал гардууллаа.
2023 онд Казахстаны Астана хотод болсон Пара жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд өндөр амжилт гаргасан Д.Ганбатыг Нийслэлийн Засаг даргын хүндэт тэмдгээр шагнасан юм. Мөн спортын салбарт амжилт өндөр амжилт гаргаж яваа жүдоч Л.Туруунаа, Б.Баттөгс нарыг Нийслэлийн тэргүүний ажилтан, жүдоч Э.Даваадагва, Г.Чулуунсүх нарыг Нийслэлийн Засаг даргын жуух бичгээр шагналаа.
Эх сурвал: НЗДТГ, ОНХХ