Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учралын хэлснээр Архидан согтууралттай тэмцэх урьдчилсан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сан өнөөдрийг хүртэл мэдээллээ ирүүлээгүй аж. Иймээс олон нийтийг мэдээллээр хангах үүргээ биелүүлэхийг тус яам шаардаж, шаардлага хүргүүлсэн байна.
Хуульд зааснаар Архидан согтууралттай тэмцэх урьдчилсан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сан нь хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний дэргэд ажиллах бөгөөд сангийн ажлын алба хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд ажиллана гэж заажээ.
Монгол Улсад архины хэрэглээ өндөр байгаагаас үндэсний аюулгүй байдлын түвшинд хүрсэн асуудал хөндөгдөх болсон. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан “Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жилд нэг хүнд ногдох спиртийн дундаж хэрэглээ нь 7 литрээс давбал үндэсний аюулгүй байдалд аюул учирсан гэж үздэг. Гэтэл манай улсад 12 литрт хүрчихээд байна. Жилд нэг хүнд ногдох согтууруулах ундааны хэмжээ 55 литрт хүрсэн. Энэ нь 21-ээс дээш насны хүн амаа тооцоход нэг хүнд ногдох хэмжээ гэсэн үг. Тэгэхээр архидалт, архины хэрэглээ өнөөдөр үндэсний аюулгүй байдлын түвшинд хүрсэн” гэж мэдэгдэж байсан юм. Иймээс Архидан согтууралттай тэмцэх урьдчилсан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих санд төсвөөс хэдэн төгрөг зарцуулдаг, тэр нь энэхүү архидалттай тэмцэхэд хэр дэмжлэг болж чаддаг вэ гэдгийг мэдэхэд сангийн орлого, зарлагын мэдээлэл чухал юм.
эх сурвалж: news.mn Г.ХОРОЛ