Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Засгийн газрын ээлжит хуралдаанаар 2023 оны төсөвт тодотгол хийх асуудлыг хэлэлцэж, УИХ-д өргөн барихаар болж байна. Тодотгол хийх болсон үндсэн шалтгаан нь 2020 онд Монгол Улсын эдийн засаг хасах 4.6 хувь хүрч уналтад ороод байсан. Энэ нь Монголын эдийн засагт 1992 оноос хойш анх удаа болсон үзэгдэл байсан. Тэгвэл энэ Засгийн газраас эдийн засагт авах арга хэмжээг оновчтой хэрэгжүүлж ирсний үндсэнд 2022 онд эдийн засаг нэмэх 4.8 хувь болж өссөн. Гадаад, дотоод өрийн дарамт Монголд бий болсон хүнд нөхцөл байдлыг та бүхэн мэдэж байгаа байх. Энэ цаг үед Засгийн газраас шуурхай арга хэмжээг авч шийдвэрүүдийг гаргаж, валютын орлогыг нэмэгдүүлэх, уул уурхайн бүтээгдэхүүний экспортод гаргах биет хэмжээг нэмэгдүүлэх бодлого баримталсан. Үүний үр дүнд өнгөрөгч оны дөрөвдүгээр улиралд эдийн засагт огцом өөрчлөлт гарч, гадаадын томоохон өрийн дарамтаас гарах нөхцлийг бодитоор бий болгосон.
Хоёрдугаарт, Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоол гарч уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, орлогыг сайжруулах, татвар төлөлтийг тэр хэрээр нэмэгдүүлэх бодлогыг баримталж ажилласан. Үүний үр дүнд 2023 оны нэгдүгээр улиралд Монгол Улсын төсвийн орлого давж биелсэн. Монгол Улсын эдийн засаг эхний дөрвөн сард 7.9 хувийн өсөлттэй гарсан. Энэ өсөлт нь Азидаа тэргүүлэх өндөр хэмжээний өсөлт бий болж байгаа гэсэн үр дүн гарсан. Үүнтэй холбоотойгоор гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхол бодитой бий болж эхэлсэн. Тэгвэл энэ удаа бодит боломж дээр үндэслэн тэтгэвэр, цалин, нийгмийн халамжийг тодорхой хувиар нэмэгдүүлэхээр өнөөдрийн Засгийн газрын худалдаанаар шийдвэрлэлээ. Мөн энэ оны нэгдүгээр улиралд экспортолсон нүүрсний хэмжээ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад зургаа дахин нэмэгдсэн” гэв.