Монгол Улс дахь НҮБ-ын Нийгэмлэг ТББ, Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэнтэй хамтран “Хургатай хайрхан” ХХК-ийн дэмжлэгтэйгээр “Өсвөрийн байгаль хамгаалагч 2023” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүллээ.Хөтөлбөрт хамрагдсан нийслэлийн ЕБС-ийн 12-16 насны 30 оролцогч өнгөрөгч Ням гарагт болсон хөтөлбөрийн хаалтын арга хэмжээний үеэр өөрсдийн хэрэгжүүлсэн бичил төслийн танилцуулгыг хийж, сурсан, мэдсэн зүйлсээ хуваалцлаа.
Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү “Өсвөрийн байгаль хамгаалагч” хөтөлбөр нь хүүхэд, өсвөр насныханд зориулсан хүрээлэн буй орчин, байгаль дэлхийгээ хайрлах тухай экологийн боловсролын хөтөлбөр юм. Гурван сарын турш Ням гараг бүр байгаль орчинд тулгамдаж буй асуудлыг судлах, үнэ цэн, ач холбогдлыг танин мэдэх, ирээдүйн манлайлагчид болон төлөвших боломжийг олгох зорилгын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, агаар, хөрс, усны бохирдол, хүнсний аюулгүй байдал болон шим тэжээл, хог хаягдал, ховордсон амьтад зэрэг сэдвийн тухай танхимын хичээл орсноос гадна мод тарих, шувуу ажиглах, байгалийн музей болон амьтны хүрээлэнгээр аялах, анхны тусламжийн сургалтад хамрагдах зэрэг практик арга хэмжээнүүдийг зохион байгуулжээ.
“Өсвөрийн байгаль хамгаалагч Цэнгэл: Шувуудыг ажиглах үнэхээр үзэсгэлэнтэй байсан.”
Оролцогчид багт хуваагдаж төсөл хэрэгжүүлсэн бөгөөд үүгээр дамжуулан багаар ажиллах, харилцааны ур чадвараа сайжруулах, хичээл дээрээ сурсан зүйлсээ бататгах, байгаль орчныхоо төлөө өөрсдийн бодит хувь нэмрийг оруулав. Төсөл санаачлан хэрэгжүүлэх үйл явцын турш ментор багш нар дэмжлэг үзүүлснээс гадна багууд төсөл хэрэгжүүлэх гарааны санхүүжилт авсан юм. Оролцогчдын төслүүдээс дурдахад:
“Өсвөрийн байгаль хамгаалагч, “Дусал дуслаар” төслийн багийн ахлагч Дүүрэнбилиг: Үр дүнтэй багаар ажиллах үндэс суурь бол харилцаа юм гэдгийг илүү сайн ойлгосон. Байгаль дэлхийгээ хайрлахаас гадна цаг төлөвлөлт, асуудал шийдэх, бусдыгаа сонсох зэрэг олон чухал зүйлийг мэдэж авлаа. Багаар ажиллах хамгийн чухал зүйлсийн нэг бол багийн бусад гишүүдийнхээ урмыг хугалахгүй байх гэж бодож байна.”
“Өсвөрийн байгаль хамгаалагч 2023” хөтөлбөрийн хаалтын арга хэмжээний үеэр хөтөлбөрт амжилттай оролцогчдод сертификат гардуулсан бөгөөд 2022 оны төгсөгчид хүрэлцэн ирж мэндчилгээ дэвшүүлжээ. НҮБ-ын Нийгэмлэгийн зүгээс 2024 оны хөтөлбөрийг илүү өргөн цар хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж.