Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулж байна. Өнөөдрийн хуралдаанаар 23 асуудал хэлэлцэж шийдвэрлэжээ. Үүнд Боловсролын зээлийн сангийн асуудалтай холбоотой асуудал орсон бөгөөд шалгалтыг бүрэн автоматжисан системээр хүний оролцоогүй ил тод, нээлттэй явуулах ажлыг зохион байгуулахаар болсныг мэдээллээ.
Системд гарч байгаа өөрчлөлтийн талаар Ж.Ган-Эрдэнэ "Сангийн үйл ажиллагааны өнөөгийн нөхцөлд дүгнэлт хийж, процессыг хэрхэн ил тод байхад анхаарч ажиллалаа. Сонгон шалгаруулалтын материалыг хүн шалгаж үнэлгээ тавьдаг байсныг автомат системээр шалгадаг болгож байна. Хоёрдугаарт суралцах чадварын үнэлгээг оруулж байна. Сонгон шалгаруулалтад орж байгаа хүн дараагийн шатанд суралцах чадвартай эсэхийг тодорхойлох зөөлөн ур чадварын шалгалтыг авна. Энэ нь шууд шалгуулсны дараа гарах бөгөөд сонгосон мэргэжлээрээ суралцахгүй байх тохиолдлыг багасгах боломжтой гэж үзэж байна" гэсэн юм.
Бүх шатанд явуулж буй шалгалтад ярилцлагын шат байдаг бөгөөд үүнийг халж, автомат системд оруулахаас гадна шалгалтын дүн хүлээгдэлгүй буюу шууд гарах боломжийг шинэ систем олгоно гэдгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мөн онцолж байлаа.