УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2023 оны төсвийн тодотголыг хэлэлцэж буй.
Энэ үеэр Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг тус бүр хэлэлцэн санал хурааж байна.
Санал хураалтад 49 гишүүн оролцож, 87.8 хувийн саналаар 2023 оны төсвийн тодотголыг эцэслэн баталсан юм. Уг хуулийг батлахад Ж.Батсуурь, Б.Бейсен, Т.Доржханд, Б.Пүрэвдорж, Д.Ганбат, О.Цогтгэрэл нар эсрэг санал өгөв. Тэдний тав нь Ардчилсан Намын гишүүн бол нэг нь ХҮН намын дарга байгаа юм.
Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "Төсвийн тодотголын хүрээнд хүүхэд бүрд хүүхдийн мөнгө олгохоор болсон. Учир нь хүүхдийн мөнгө бол халамж биш, эх орны баялгаас хүртээж байгаа хэлбэр" гэдгийг онцоллоо.
Мөн нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг нэг их наяд 589.5 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 2.6 хувьтай тэнцүү байхаар тооцсон болохыг УИХ дахь Төсвийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн танилцуулсан юм.
Харин Сангийн сайд Б.Жавхлан: Өндөр настны тэтгэврийн зөрүүг ойртуулж, нийт тэтгэвэр авагсдын тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүлэх, халамжийн тэтгэвэр, тэтгэмж, төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх, хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрд олгоно.
Монгол Улсын төсвийн орлого 2023 оны эхний хагаст 1.1 их наядаар давж биелсэн, цаашид 1.7 их наяд төгрөгт хүрэх төлөвтэй байна.