Мал эмнэлгийн салбарын бизнес эрхлэгчдийн үүсгэн байгуулсан Мал эмнэлгийг дэмжих сан (МЭД сан)-гийн Тэргүүн Д.Ууганбаяр, Удирдах зөвлөлийн гишүүдийн хамт энэ сарын 15-нд ХААИС-д Мал эмнэлгийн салбарын тогтвортой хөгжлийг баталгаажуулах, боловсон хүчний чадавхийг бэхжүүлэх, хүний нөөцийн хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор Мал Эмнэлгийн Сургуулийн захирал Ц.Эрдэнэ-Очиртой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Хамтын ажиллагааны хүрээнд 2023 оноос эхлэн тодорхой шалгуур хангасан буюу мэргэжлийн ЭЕШ (ЭЕШ-1; Биологи, математик, ЭЕШ-2; Хими, Нийгэм судлал)-нд 650-иас дээш оноо авч Мал эмнэлгийг дэмжих санд “Малын эмч” мэргэжлээр шинээр элсэж буй 50 хүртэлх оюутанд эхний хичээлийн жилд 100 хувь сургалтын төлбөрийн тэтгэлэг жил бүр олгохоор төлөвлөжээ.
Мөн тэтгэлэгт хамрагдсан шинэ элсэгчид сангийн шаардлагыг хангасан тохиолдолд таван жилийн турш 100 хувь хүртэлх сургалтын төлбөрийн тэтгэлэгт хамрагдахаас гадна 2-5-р ангийн оюутнууд ч 2024 оноос эхлэн уг тэтгэлэгт хамрагдах боломж нээгдэх юм.
Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийг Монгол Улсад шинжлэх ухааны үндэслэлтэй мал эмнэлэг үүсэж хөгжсний 100 жилийн ойгоор эхлүүлж байгаа нь дараагийн шинэ зууны мал эмнэлэг, малын эмч нарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах чухал арга хэмжээ болно гэдэгт талууд санал нэгтэй байлаа.