Нийслэлийн Засаг даргын нэрэмжит "Mayor's Ulaanbaatar Challenger” 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн гран-при тэмцээн Үндэсний соёл амралтын хүрээлэнд үргэлжилж байна. “Парис-2024” олимпын эрхийн оноо олгох албан ёсны цуврал тэмцээнүүдийн нэг гэдгээрээ онцлогтой тус тэмцээнд гадаадын есөн баг, Монгол Улсын таван баг буюу нийт 14 баг өрсөлдөж байгаа юм.
Тодруулбал, дэлхийн шилдгүүд болох Сербийн “ҮБ”, Бельгийн “Антверп”, Латвийн “Рига”, БНХАУ-ын “Футион”, АНУ-ын “Харлем”, Канадын “Торонто”, Польшийн “Лүблин”, Литвийн “Мариянпол”, “Каунас” баг болон Монголын “Улаанбаатар ММС Энержи”, “Сансар ММС Энержи”, “Амгалан”, “Баянгол Бронкос”, “Отгонтэнгэр Бродерс” багууд оролцож байна.
Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Төгсжаргал “Ulaanbaatar Challenger” тэмцээнийг 2017 оноос хойш зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилээс Нийслэлийн Засаг даргын нэрэмжит болон өргөжсөн. Мөн 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ-ий дараа болж байгаагаараа онцлог. Түүнчлэн нийслэлийн зүгээс 3х3 сагсан бөмбөгийн стандартад нийцсэн 30 гаруй талбай байгуулан, багийн спортыг дэмжин ажиллаж буй нь талархууштай. Эдгээр сагсан бөмбөгийн талбайг байгуулснаар хүүхэд, залуучуудын хүсэл сонирхолд томоохон хөрөнгө оруулалт хийж байгаа” гэв.