"Оскар Мамены ертөнц ба монголчууд" сэдэвт түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейд гарч байна. Монгол Улс Норвегийн Хаант Улстай дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойд зориулсан уг үзэсгэлэн зургаадугаар сарын 16-наас 25-ныг хүртэл үргэлжилнэ.
Чингис хаан Үндэсний музей, ШУА-ийн Олон Улс судлалын хүрээлэн, Монгол Улсыг хамаарагч Норвегийн Хаант Улсын ЭСЯ, Монгол Улсын Гадаад Харилцааны Яамнаас хамтран зохион байгуулсан тус үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Норвегийн Хаант Улсаас Монгол Улсыг Хамаарагч Элчин сайд, хатагтай Signe Brudeset, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн, Түүхийн хүрээлэн, МУИС, МУБИС зэрэг их, дээд сургуулийн эрдэмтэн, судлаачид оролцов.
Үзэсгэлэнгийн дараа Монгол Улс Норвегийн Хаант Улстай дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойд зориулсан “Оскар Мамены ертөнц ба Монголчууд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болж, Норвегийн Соёлын түүхийн музейн судлаач Мария Картвейт, МУИС-ийн Их Британи, Америк судлалын тэнхимийн багш Ж.Эрдэнэбат, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн профессор О.Батсайхан нар илтгэл тавьж хэлэлцүүлэв.