Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын “Юхан-Кимберли” компанийн Ерөнхийлөгч Чин Жэ Сон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ.
Тус компани “Зүүн хойд Азийн ойн форум” ТББ болон холбогдох яам, байгууллага, Сэлэнгэ аймагтай хамтран 2003 оноос “Юхан-Кимберли Ой” ойжуулалтын төсөл хэрэгжүүлж Тужийн нарсанд 10 сая мод тарьж ургуулаад байна.
Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн цаг үеэ олсон гэдгийг “Юхан-Кимберли” компанийн Ерөнхийлөгч Чин Жэ Сон хэлээд, Монголчууд өмнөө тавьсан зорилтоо биелүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа онцоллоо.
Цаашид үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллаж, Монголын цаг агаарын нөхцөлд тохирсон эрүүл ой бий болгохоор төлөвлөснөө тодотгов. Тус компани 1984 оноос хойш “Ногоон орчныг бүрдүүлэх үндэсний аян” өрнүүлж, дотооддоо болон гадаадын улс орнуудад 55 сая гаруй мод тарьж ургуулаад байна.
Ташрамд дурдахад “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнөж эхэлснээс хойш улсын хэмжээнд 14 сая гаруй мод тарьж, мод, сөөгийн үрийн нөөц 12.7 тонн, тарьц, суулгацын нөөц 51.5 саяд хүрсэн. Энэ нь өмнөх онтой харьцуулахад дөрөв дахин нэмэгдсэн гэсэн үг юм.
Эх сурвалж: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар