Украины ерөнхийлөгч Володимр Зеленський тулаан болж буй бүс нутагт очиж фронтын үйл ажиллагаатай танилцлаа. Тэрбээр цэргүүдийнхээ хичээл зүтгэлийг сайшааж “Манай цэргүүд ахиц гаргаж байна” хэмээн хэлжээ.
“Оросын их буунууд Никополийг онилж, хоёр хүн амиа алдаж, нэг хүн шархадсан” тухай Украины Днепропетровск мужийн амбан захирагч мэдээллээ. Украины Батлан хамгаалахын дэд сайд Ханна Малиар “Украины сөрөг довтолгоо эхэлснээс хойш өмнөд хэсгийн 130 орчим хавтгай дөрвөлжин км газар нутгаа чөлөөлсөн” гэдгийг онцлов.
Швед улсаас Украинд 35 сая ам.доллар бүхий хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээ мэдэгдсэн. Мөн Австрали улсаас зэвсгийн тусламж үзүүлж, Украины эдийн засгийг дэмжих зорилгоор импортын бараанд нь дахин 12 сар татвар ногдуулахгүй байх шийдвэр гаргасан.
Орос улсад өнгөрсөн долоо хоногт болсон зэвсэгт бослого дуусаж, ерөнхийлөгч Путин болон жагсаалыг зохион байгуулагч Евгений Пригожин нар тус тус мэдэгдэл гаргасан. Пригожины хувьд бичлэгтээ Орос-Украины дайны талаар “Хэрэв Вагнер бүлгэм армийг удирдсан бол энэ дайн аль эрт дуусах байсан” хэмээн ярьжээ.
Эх сурвалж: Алжазийра