Аймгийн Онцгой комисс өнөөдөр 08.00 цагт хуралдаж, эрчим хүч тасарсны улмаас үүсэж байгаа нөхцөл байдлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.
Булган аймгийн Гурванбулаг суманд гарсан цахилгаан эрчим хүчний гэмтлийг арилгахаар 148 алба хаагч, 38 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж одоогоор 24 тулгуураас 15 тулгуурыг татан авч 3 тулгуурыг босгосон байна. Цаг уур тогтвортой байвал маргаашдаа багтаж цахилгаанаар хангахаар ажиллаж байгаа аж.
БОЭТ-д 232 өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаагаас эрчимт эмчилгээнд 5, хүчил төрөгчийн өндөр хэрэгцээтэй зургаан өвчтөн байна. Түүнд шаардлагатай хүчил төрөгч өгөх бусад эмчилгээ үйлчилгээг цаг алдалгүйгээр хүргэхээр өөрийн нөөцдөө тулгуурлан 100квт үүсгэгч суурин генератор, зөөврийн жижиг 5 моторыг ажиллуулсанаар өнөөдрийн байдлаар цахилгаан эрчим хүчийн 30 хувийг ханган ажиллаж байна. Моторын ачааллаас үүдэж цахилгаан өндөр хэрэглэдэг рентгэн зураг зэрэг эмнэлгийн нэн яаралтай биш үйлчилгээг түр зогсоожээ.
Иргэд усны хэрэглээг нэмэгдүүлж, нөөцлөх асуудал үүсч байгаа учир усны даралт унах, орон сууцанд 3 давхараас дээш ус очихгүй байх нөхцөл байдал бий болсон байна. Усны нөөцийн эх үүсвэр дээр нь насосын даралтыг нэмэгдүүлэх ажлыг хийж байгаа бөгөөд иргэд усны ачаалал үүсгэхгүй байхыг Онги ус сувгийн газраас анхааруулав.
Дээрх хоёр салбарт дизель түлшний нөөц хангалтад дэмжлэг үзүүлж, цаашид моторын нөөц бүрдүүлэлт дээр анхаарч ажиллахыг аймгийн Засаг дарга үүрэг болголоо.
Мөн цаг уурын давагдашгүй хүчин зүйлд сумдын аваарын дизель, гэрээт байгууллагуудын түлшний нөөц зэрэг асуудлын бэлэн байдалд үнэлгээг гаргаж ажиллахыг үүрэгдлээ.
Эх сурвалж: Өвөрхангай аймгийн засаг даргын тамгын газар