fitness
  • 437 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-06-28

Д нь бусдын хулгайлсан малд гарал үүслийн гэрчилгээ авч өгөх, мал төхөөрөх, борлуулахад оролцож, гэмт хэргийн улмаас олсон мөнгийг өөрийн дансаар авч, мөнгө угаах гэмт хэрэгт холбогдсон бөгөөд прокуророос түүнд Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлджээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх Д-г мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокуророос түүнд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг “хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

Гэмт хэрэг үйлдсэн үеэс хойш гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан оногдуулж болох ялын төрөл, хэмжээнээс хамааруулан ялгамжтайгаар тогтоосон, тухайн этгээдэд эрүүгийн хариуцлагын хөөн хүлээлгэх хугацааг эрүүгийн хариуцлагад татаж болох хугацаа гэж тодорхойлдог.

Гэмт хэргийн хөөн хэлэлцэх буюу эрүүгийн хариуцлагыг нөхөн хүлээлгэх хугацааг Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд гэмт хэргийн хүнд, хөнгөн, ялын төрөл, хэмжээнээс хамааран ялгавартай тогтоосон бөгөөд уг хугацаа дууссан тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болохгүй, энэ нь тухайн этгээдэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болдог билээ.  

2018 оны 7, 2019 оны 6, 8 дугаар саруудад үйлдсэн гэмт хэрэгтэй нь холбогдуулан  прокурор Д-г 2021 оны 9 дүгээр сарын 25-нд  яллагдагчаар татсан байна.

Д-н холбогдсон хэрэгт оногдуулж болох ялын төрөл, хэмжээг зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хорих ял гэж заасан тул Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д заасныг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар шүүх Д-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

Харин Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 9-д заасан ”Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаас  үл хамааран шүүхийн шийдвэрээр хурааж улсын орлого болгоно.” гэсэн шүүхэд үүрэг болгосон, заавал хэрэглэх хэм хэмжээг хоёр шатны шүүх хэрэглэлгүй орхигдуулсан байна.

Улсын Их Хурал 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуульд уг заалтыг нэмснийг 2023 оны 1 дүгээр сарын 24-ний өдрөөс дагаж мөрдсөн. Энэ заалт нь ямар нэгэн урьдчилсан нөхцөл, сонголтгүйгээр шууд хэрэглэгдэх, заавал биелэгдэх буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зохицуулалтын шинжтэй тул  тус хэм хэмжээг шүүх заавал хэрэгжүүлэх үүрэгтэй болно.

Иймд заавал хэрэглэвэл зохих Эрүүгийн хуулийн дээрх заалтыг хяналтын шатны шүүхээс хэрэглэж, Д-н гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 17,337,000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна.

Бусад мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганд оролцоно

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганд оролцоно

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2022 оны 09 дүгээр сарын 19-24-ний өдрүүдэд АНУ-ын Нью-Й

Галын улмаас 14 хүн Гэмтлийн эмнэлэгт хүргэгджээ

Галын улмаас 14 хүн Гэмтлийн эмнэлэгт хүргэгджээ

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингаравын уулзварт 60 тн газ тээвэрлэж явсан автомашин зам тээ

Ариунзул С.
Ариунзул С.