fitness
  • 431 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-06-29

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нар 2023 оны зургадугаар сарын 28-ны өдөр Ардын Их Хурлын ордонд албан ёсны хэлэлцээ хийв.


Хоёр улсын Засгийн газрын тэргүүн нар Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлж, олон жил яригдсан төслүүдийг 2023 онд багтаан шийдвэрлэхийг эрмэлзэж, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд санал нэгдэв.

Эдгээр төслүүдэд хилийн Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч боомтуудыг төмөр замаар холбох төсөл болон Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын зээлийн хэлэлцээр, Чойбалсангийн цахилгаан станцын өргөтгөлийн төслийн зээлийн гэрээг сунгах асуудлууд багтаж, Монгол банк болон Хятадын ардын банкны своп хэлцлийг сунгах асуудал хэлэлцээрийн түвшинд шийдвэрлэгдлээ. Ерөнхий сайд нарын хэлэлцээний хүрээнд яригдсан асуудлаар Засгийн газар хоорондын комисс ажиллаж, дэд ажлын хэсгүүд байгуулахаар боллоо.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлал маргааш буюу зургадугаар сарын 29-нд Монгол, Хятадын бизнес эрхлэгчдийн форум, “Welcome to Mongolia” зэрэг арга хэмжээгээр үргэлжилнэ.
Мөн тус улсын нэр бүхий томоохон компанийн удирдлагуудтай уулзаж, хамтын ажиллагааны яриа хэлэлцээ үргэлжилнэ.


Хоёр улсын Засгийн газар хот төлөвлөлт болон шинжлэх ухаан, технологийн чиглэлд хамтран ажиллахаар тохиролцож, ногоон хөгжил, зам тээвэр, төрийн өмчит компанийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх чиглэлд санал нэгдэж, санамж бичигт гарын үзэг зурсан байна. 
 
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Хятад Ард Улсад хэрэгжүүлж буй айлчлалын хүрээнд 2023 оны зургадугаар сарын 28-ны өдөр дараах баримт бичгийг байгуулав. 

1.   “Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрыг төлөөлж Тээврийн сайд Ли Шяопөн нар гарын үсэг зурлаа.

Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар хоёр улсын тээврийн салбарыг хөхиүлэн дэмжиж, харилцан уялдаатай, хөнгөвчилсөн нөхцөлөөр тээвэрлэлт гүйцэтгэх, тээврийн төрлүүдийн уялдаа холбоог хангах, хоёр улсын тээвэрлэгч нарт гуравдагч улс руу болон дамжин өнгөрөх тээвэрлэлт гүйцэтгэх шинэ боломж бүрдэж байна.

Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн харилцааны голлох салбар болох тээврийн салбарын хамтын ажиллагааг ийнхүү эрчимжүүлснээр гадаад худалдааны суурийг бэхжүүлж, олон төрөлт тээврийн гарцыг бий болгох ач холбогдолтой аж.


 
2.    “Монгол Улсын говийн мазаалайг хамгаалах чиглэлээр техникийн туслалцаа үзүүлэх төсөл хэрэгжүүлэх тухай нэмэлт хэлэлцээр”-т Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, БНХАУ-ын Худалдааны сайд Ванг Вентао нар гарын үсэг зурлаа.

Талууд хооронд 2018 онд байгуулсан хэлэлцээрийн хугацааг сунгаж, улмаар төслийн хүрээнд талууд мазаалайн амьдрах орчныг сайжруулах, мазаалайн тоо толгойг нэмэгдүүлэх, Монгол Улсын говийн мазаалайг хамгаалахад чиглэсэн судалгааг илүү өргөн хүрээтэй, цогц байдлаар хийх боломж бүрдлээ.

Бусад мэдээ

Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч хэвээр байна

Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч хэвээр байна

Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч хэвээр хадгалагдана.2023 оны 12-р сарын 18-ны 08 цагаас 2

ЗООНОЗЫН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНУУД ЗӨВЛӨЛДӨЖ БАЙНА

ЗООНОЗЫН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНУУД ЗӨВЛӨЛДӨЖ БАЙНА

Зоонозын өвчин судлалын байгууллагуудын дунд жил бүр зохион байгуулдаг Удирдах ажилтны ээлжит зөвлө

Ариунзул С.
Ариунзул С.