Орхон аймгийн эрүүл мэндийн салбар энэ жил БНСУ-ын Дэгү, Пусан хоттой гадаад хамтын харилцаагаа өргөжүүлжээ. Өнгөрсөн тавдугаар сард тус аймгийн Засаг дарга С.Батжаргал тэргүүтэй эрүүл мэндийн салбарын төлөөллүүд БНСУ-ын Дэгү, Бусан хотын эрүүл мэндийн салбартай хамтран ажиллах санамж бичиг үзэглэсэн байна.
Энэ хүрээнд өнөөдөр Орхон аймагт БНСУ-ын Бусан хотын Үндэсний их сургуулийн эмнэлгийн Гадаад харилцааны хэлтсийн дарга доктор, профессор Ли Жон Кю, Нэгжийн хэлтсийн дарга Но Жи Мёон нар зочилж,аймгийн удирдлагуудтай хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна.
Мөн аймгийн БОЭТ-ийн үйл ажиллагаатай танилцан, ЭМГ-тай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зуржээ.
Хамтын ажиллагааны хүрээнд БНСУ-д аймгийн эмч, эмнэлгийн ажилтнуудын мэргэжил арга зүйг чадавхжуулах, хэлний мэдлэгийг дээшлүүлэх сургалтад хамруулах, Орхон аймагт Бусан хотын Үндэсний их сургуулийн эмнэлгийн эмч нар сайн дурын үзлэг оношилгоо зохион байгуулах, жилдээ нэг удаа Монгол Улсад эмчлэх боломжгүй хүнд өвчтэй Орхон аймгийн нэг иргэний мэс заслыг БНСУ-д үнэ төлбөргүй хийх гээд олон боломж нээгдэж байгаа ажээ.
Түүнчлэн Монгол Улсад анх удаа тэр дундаа Орхон аймгийн БОЭТ-д алсын зайн оношилгоо, эмчилгээний төвийг байгуулсан байна.
Орхон аймаг энэхүү төвтэй болсноор орон зайнаас үл хамааран Бусан хотын Үндэсний их сургуулийн эмнэлгийн эмч нартай зайнаас холбогдож онош тодорхойгүй өвчтөний оношийг цаг алдалгүй тодорхойлох, эмчилгээний дараах хяналтад заавар, зөвлөгөө авах боломжтой болж байгаа аж.
Мөн тэр хэрээрээ орон нутгийн эмч, эмнэлгийн ажилтнууд чадавхажна гэж тус аймгийн удирдлагууд үзэж байна.