Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши болон Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав нар Японы Засгийн газрын “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих төслийн гэрээнд гарын үсэг зурав.
Уг төслийн хүрээнд Хэнтий аймгийн Батширээт сумын Эрүүл мэндийн төвийн А байранд их засварын ажил хийнэ. Тус байрны дээврээс байнга дусаал гоождог тул тааз, дотор ханын будаг хуурч, усны хаяалга суурилуулаагүйн улмаас гадна хана болон цонх ихээр элэгдэлд орсон.
Бохирын шугам нь бөглөрдөг, халаалтын шугамын радиатор хагарч ус гоожжээ. Тус эмнэлгийн амбулаториор нэг жилд 10,000 орчим иргэн үйлчлүүлдэг. Хэвтэн эмчлүүлдэг 400 гаруй иргэний эрүүл мэнд, эрүүл ахуйд ихээхэн хүндрэл учруулж байна.
Засвар хийснээр эдгээр асуудлыг шийдэж, тус эмнэлгийн эмч, ажилчид, тус эмнэлгээр үйлчлүүлэгч иргэдийн эрүүл, аюулгүй орчинд эмчлүүлэх нөхцөл бүрдэнэ.
Японы Засгийн газар Монгол Улсад 1990 оноос өнөөдрийг хүртэл 33 жилийн турш “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ удаагийн төсөл нь Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 595 дахь, Хэнтий аймагт хэрэгжих 21 дэх, Батширээт суманд хэрэгжих анхны төсөл юм.
Төслийн санхүүжилтийн дээд хязгаар 121,521 ам.доллар (421,440,907 орчим төгрөг) юм.