Европын Холбооноос 50 000 еврогийн (буюу 188 сая гаруй төгрөг) хүмүүнлэгийн тусламжийг Улаанбаатар хотод болсон үер усны гамшигт нэрвэгдсэн айл өрхүүдэд олголоо. Энэхүү тусламж нь үерт өртсөн 11 000 гаруй айл өрхөд хүрэх юм.
Европын Холбооноос Монголын Улаан Загалмай Нийгэмлэгт (МУЗН) санхүүжилтийг олгосноор үерийн гамшигт өртөх өндөр эрсдэлтэй бүс нутагт амьдарч буй айл өрхүүдийг яаралтай нүүлгэн шилжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хорогдох байранд нүүлгэн шилжүүлсэн иргэдийг хөнжил, гудас зэрэг шаардлагатай эд зүйлсээр хангах юм. Мөн МУЗН-ийн ажилтнууд иргэдэд үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, онцгой байдлын үеийн бэлэн байдлыг хангах талаар мэдээлэл өгөн ажиллаж байна.
Европын Холбооны энэхүү тусламж нь Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны (IFRC) харьяа Гамшгийн эсрэг яаралтай тусламжийн санд (DREF) олгож буй дэмжлэгийн нэг хэсэг юм.
7-р сарын 3-10-ны хооронд орсон их хэмжээний аадар борооны улмаас Монголын зарим голын усны түвшин эрс нэмэгдэж, ихэнх газрууд их хэмжээний үерт автсан. Зөвхөн Улаанбаатар хотод л гэхэд 128 000 хүн үерт өртсөнөөс нийт 20 000 гаруй иргэд орон гэргүй болжээ.
Үерийн улмаас 17 гаруй зам, хоёр туннел, далан зэрэг дэд бүтцэд эвдрэл үүссэн ба тодорхой газруудад урьдчилан сэргийлэх зорилгоор тогны хязгаарлалт хийсэн. Одоогийн байдлаар Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргүүдийн оршин суугчид үерт хамгийн ихээр өртжээ.