Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт “Монголын FM радионуудын нэгдсэн холбоо”-оос гомдол ирсэн байна.
Тодруулбал, “2015 онд 80-90 Мгц дээр зөвхөн дөрвөн радиод долгионы тендер өгснөөр Японы буруу хүрдтэй болон Европ стандартын зөв хүрдтэй машинд л эдгээр радио шууд цацагддаг. Бусад 33 радио нь зөвхөн зөв хүрдтэй Европ стандартын автомашинд цацагдах болсон нь шударга өрсөлдөх нөхцөлийг хязгаарлан, цөөнхөд давуу эрх бий болгож, бусдынх нь эрх ашгийг зөрчиж байна” гэсэн гомдол хүргүүлжээ.
Уг гомдлыг Өрсөлдөөний тухай хуулийн хүрээнд хянаж үзэхэд Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйл, “Төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагаас өрсөлдөөнийг хязгаарлахыг хориглох” гэж...; 13.2.7-д “аль нэг аж ахуй эрхлэгчид давуу байдал олгоход чиглэсэн” гэж заасныг зөрчсөн нь тогтоогдлоо.
Иймд илэрсэн зөрчил дутагдлыг арилгаж, Улаанбаатар хотод тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа нийт радиод аль ч хүрдтэй автомашинд эфирээ цацах техникийн боломж олгож, биелэлтийг энэ сарын 25-ны дотор албан бичгээр ирүүлэх тухай Улсын ерөнхий байцаагчийн албан шаардлагыг Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүллээ.