УИХ, Эрүүл мэндийн яам, ДЭМБ хамтран зохион байгуулж буй Ази, Номхон далайн орнуудын парламентчдын дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх VII чуулган Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд өнөөдөр /2023.08.21/ эхэллээ.
Энэ сарын 21-нээс 23-ны хооронд үргэлжлэх “Ирээдүйн төлөө анхан шатны тусламж үйлчилгээг бүтээе” сэдвийн дор болж уг чуулганд 15 орны парламентын гишүүн, дарга, эрүүл мэндийн сайд болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын нийт 70 гаруй төлөөлөгч оролцож байна.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уг чуулганыг энэ удаа УИХ-ын дарга Г.Занданшатар даргалан явууллаа.
Тэрбээр чуулганыг нээж хэлсэн үгийнхээ эхэнд, Дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх Ази, Номхон далайн орнуудын парламентчдын VII чуулганд оролцогчдыг Монгол Улсад тавтай саатахыг хүсэн ерөөгөөд, дэлхийн улс орнууд эрх тэгш байдал, шударга ёсны зарчимд нийцсэн, анхан шатны тусламж үйлчилгээнд суурилсан эрүүл мэндийн тогтолцоог бүрдүүлж, тусламж үйлчилгээг ард иргэд, нийтэд хүртээмжтэй болгохыг зорьж буйг онцлон тэмдэглэсэн.
Мөн тэрбээр, УИХ эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг дэмжих, тусламж үйлчилгээний санхүүжилтийг нэмэгдүүлэх, бүх салбарын бодлогод эрүүл мэндийн асуудлыг тусган, салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхийг чухалчлан ажиллаж байгааг дурдаад, өргөн уудам газар нутагт нүүдлийн мал аж ахуй эрхэлж, тархай бутархай суурьшсан иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, тэгш хүртээмжтэй хүргэх нэг арга зам нь нийгмийн эрүүл мэнд, анхан шатны тусламж үйлчилгээний зардлын төлбөрийг төр хариуцах нь зүйтэй хэмээн үзэж, ирэх есдүгээр сард эхлэх Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төсөлд энэ талаар тусгасан гэв.
УИХ-ын даргын зүгээс энэ удаагийн чуулган нь эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг бүх нийтэд хүртээмжтэй болгохын төлөөх олон улсын хүч чармайлтад хувь нэмэр оруулж, түүнээс гаргах дүгнэлт, зөвлөмж нь тус бүс нутгийн орнуудын эрүүл мэндийн бодлого, үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой болно гэдэгт гүнээ итгэж байгаагаа илэрхийллээ.