Нүүрсний сонсгол зохион байгуулах үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны анхны хурал өчигдөр болж, тус түр хорооны даргаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг сонголоо.
Энэ үеэр тэрбээр "Хянан шалгах түр хорооны дарга түр хорооны зохион байгуулалтыг л удирдаж явахаас бус, ганцаараа асуудал шийдэхгүй. Хянан шалгах түр хорооны гишүүд адил тэнцүү саналын эрхтэй оролцож, шинжээчээ сонгож, томилж, нотлох баримтуудаа шинжлэн судалж, нээлттэй хэлэлцүүлгүүдээ зохион байгуулна. Олон нийтэд далд байгаа мэдээллийг ил болгож, олон нийтийн хяналт дор тэдний хардаж буй асуудлуудыг ил болгоно. Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх ажлын хүрээ, мөрдөн шалгах үйл ажиллагаа хоёр бол тусдаа зүйл.
Хууль зүй, дотоод хэргийн сайдын үндсэн чиг үүрэг бол бодлого тодорхойлж, бүтэц тогтолцоог боловсронгуй болгох юм. Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд хуулийн хүрээнд нүүрсний хэрэгтэй холбоотой мэдээллүүдийг авч байгаа. Энэ удаагийн УИХ-ын хийх ажлын томоохон хэсэг бол төрийн болон орон нутгийн өмчит компаниудыг засаглалынх нь хувьд цэгцлэх бөгөөд УИХ-ын намрын чуулганаар холбогдох хуулийг батлагдаасай гэж хүсэж байна. Энэ удаагийн сонсгол нь Төрийн өмчит компаниудыг цаашид алдаа дутагдал гаргахгүй байх тогтолцоог шинэчлэх, өмнө нь хийгдсэн бүх гэрээ хэлцлүүдийг олон нийтэд ил тод болгох явдал юм" гэв.