Сурагчдын дүрэмт хувцастай холбоотой асуудлаар ХҮН намын боловсролын салбарын мэргэжилтнүүд мэдээлэл өглөө.
Тус намын Удирдах Зөвлөлийн гишүүн Ц.Алтансор "Дүрэмт хувцас гэдэг нь хүүхдүүдийг жигдрүүлэх, ямар нэгэн хувцсаар бие биеэ ялгаварлан гадуурхахгүй, тэгш шударга гэдэг зарчим, сэтгэлгээг хүүхдүүдэд суулгах үндсэн зорилготой.
Хүүхдийн дүрэмт хувцасны хувьд биеийн хөдөлгөөнд саад учруулахгүй, хөлс болон чийгийг гадагшлуулах шаардлагатай. Харин 10 жилийн өмнө үйлдвэрлэсэн дүрэмт хувцсыг өмсөхөөр олон асуудал гардаг. Биеийн хөдөлгөөнд саад учирдаг, хөлс чийг гадагшилдаггүй, үнэтэй гэдэг асуудлыг иргэдийн зүгээс удаа дараа хэлж байгаа. Дүрэмт хувцас 100-250 мянган төгрөгийн үнэтэй байна.
Дөрвөн хүүхэдтэй өрх гэхэд сая гаруй төгрөгөөр хувцас худалдаж авах санхүүгийн дарамттай бас тулгарч байгаа юм. Мөн дээрээс нь ганцхан ээлжийн дүрэмт хувцсыг байнга угааж өмсөх асуудал тулгарч байна" хэмээв.
Түүнчлэн "Судалгаагаар эрэгтэй сурагчдын биеийн өндрөөс хамаарч 15, эмэгтэй хүүхдийн хувьд 12 ангиллаар биеийн дундаж хэлбэрийг тогтоосон байдаг. Дэлхий нийтийн олон улсын сургуулиудын хувьд эцэг, эхчүүд, сургуулийн удирдлага, хүүхдүүд бүгд санал бодлоо хуваалцаад, дүрэмт хувцасны шийдлээ гаргадаг. Өөрөөр хэлбэл ингэж сонголт өгдөг.
Жишээлбэл Англи, Финланд, Америк гээд хөгжингүй улс оронд ямар нэгэн логогүй, дүрэмт хувцасны өнгө л зааж өгдөг. Тухайн гэр бүл өөрсдийн эдийн засгийн боломжоос шалтгаалж дүрэмт хувцсаа худалдаж авах боломжийг олгодог.
Сурагчдын дүрэмт хувцсыг шинэчлэх зайлшгүй шаардлага үүсээд байна. Энэ санаачилгыг одоогийн байдлаар 2,000 гаруй иргэн дэмжиж буйгаа илэрхийлсэн. Тиймээс бид энэхүү санаачилгыг шийдвэр гаргах түвшний хүмүүст уламжилна.
Uih.mn сайтад хандан саналаа өгөх боломжтой" гэдгийг хэллээ.