Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр Төрийн ордонд боллоо.
Тус хуралдаанаар “Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв” улсын төсөвт үйлдвэрийн газрыг Цахим хөгжил, харилцаа холбооны яамны дэргэд байгуулсан талаар Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
2021 оны арванхоёрдугаар сарын 17-нд батлагдсан Кибер аюулгүй байдлын тухай хуулийн дөрөвдүгээр бүлгийн 20.1-т Кибер халдлага, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, хариу арга хэмжээ авах, түүнд өртсөн дэд бүтэц, мэдээллийн системийг нөхөн сэргээхэд мэргэжил, арга зүйн туслалцаа, дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүрэг бүхий хүний нөөц, техник, технологийн чадавх, мэдээллийн сантай дараах төвүүд ажиллана. Үүнд:
- 20.1.1.кибер халдлага, зөрчилтэй тэмцэх үндэсний төв /цаашид “Үндэсний төв” гэх/;
- 20.1.2.кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв /цаашид “Нийтийн төв” гэх/
- 20.1.3.кибер халдлага, зөрчилтэй тэмцэх зэвсэгт хүчний төв /цаашид “Зэвсэгт хүчний төв” гэх/ хэмээн хуульчилсан байна.
Харин 22 дугаар зүйлд “Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв” улсын төсөвт үйлдвэрийн газрын үйл ажиллагааны чиглэлийг тусгажээ.
- 22.2.1.энэ хуулийн 21.2.2-т зааснаас бусад иргэн, хуулийн этгээдийн мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд чиглэсэн кибер халдлага, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, хариу арга хэмжээ авах, кибер халдлага, зөрчилд өртсөн мэдээллийн системийг нөхөн сэргээхэд дэмжлэг үзүүлэх;
- 22.2.2.кибер халдлага, зөрчлийн талаар судалгаа, дүн шинжилгээ хийх, олон нийтэд зөвлөмж, мэдээлэл түгээх;
- 22.2.3.энэ хуулийн 20.1.1, 20.1.3-т заасан төв, 20.2-т заасан хуулийн этгээдтэй хамтран ажиллах, мэдээ, мэдээлэл солилцох;
- 22.2.4.иргэн, хуулийн этгээдэд кибер халдлага, зөрчлийн талаар зөвлөмж, шаардлага хүргүүлнэ хэмээн заажээ.