Түгжрэлийн эсрэг цогц бодлогын хүрээнд нийтийн тээврийн парк шинэчлэлийг энэ жилдээ багтаж хийнэ гэдгээ УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар хэлдэг. Түүний яриа эхнээсээ биеллээ олж байгальд ээлтэй, цахилгаан ногоон автобуснууд иргэддээ үйлчилж эхэллээ.
Цаашид их багтаамжийн Евро-5 хөдөлгүүртэй, “Дэү” брэндийн 600 автобус, дунд оврын “Хьюндай” брэндийн 50 гэх мэтээр нийтийн тээврээ сэвхийтэл өөд нь татах нүсэр ажлыг эхлүүлчихсэн байна. Өнөөдөр ийнхүү “Скайвел” брэндийн цахилгаан 160 автобусны түрүүч нь үйлчилгээнд гарчихсан авто зам дээр сүнгэнэж байна.
Нийслэлчүүдийн гол унаа хөсөг болсон автобусны аюулгүй байдал, насжилт, өнгө үзэмж, тохь тух ихээхэн чухал. Утаат онгоц шиг л автобуснууд эцэстээ шатаж эхэлсэн жишээ олныг дурдаж болно. Энэ бол нийтийн тээврээ анхаарлын гадна олон жил үлдээж, насжилт нь хэтэрсэн ч үйлчилгээнд явуулсаар байсны балаг. Яг ийм элгээрээ мөлхчихсөн 60 автобусыг үйлчилгээнээс бүрэн хасна гэдгээ ч Ж.Сүхбаатар сайд хэлсэн, тэр нь ч зөв.
Өнөөдрөөс иргэдээ суулгаад, маршрут чиглэлдээ яваад эхэлсэн бүрэн цахилгаан “Скайвел” брэндийн NJL6106BEV загварын автобус байгальд ээлтэй гэх хамгийн чухал имиджээс гадна хэд хэдэн давуу талтай байх юм. Тухайлбал, Давхар цонхтой учир өвлийн тэсгим хүйтэнд цантахгүй, зорчигч даарах ямар ч боломжгүй. Учир нь автобусны хана, тааз, шалны хэсгүүдэд агааржуулалтын систем болон дулаан баригч суурилуулснаас гадна сайжруулсан арьсаар бүрэн доторлогоо хийжээ.
Мөн тусгай хэрэгцээт иргэн тээвэрлэхэд зориулсан налуу шат, тавцантай, тэргэнцэр байрлах хэсэгт стандартын бэхэлгээтэй. Гар утас, таблет цэнэглэх USB оролттой. Зорчигч өөрийн буух буудлаа жолоочид мэдэгдэх гэж “Бууя” гэж орилох, чангаар хэлэх шаардлагагүй, буух товч дараад буух хүсэлтээ илэрхийлэх боломжтой. Энэхүү автобусны бас нэгэн чухал хэсэг бол хянах самбар. Жолооч автобусны хөдөлгүүр болон зорчих хэсгийн тоног төхөөрөмж, камер, дэлгэц, зорчигчдын аюулгүй байдлыг өөрийн өмнөх бүрэн автомат ухаалаг дэлгэцээр хянах боломжтой гэх мэт тоолж баршгүй, тоочиж дуусашгүй давуу талтай байх юм.