Монгол Улсын дээд боловсролын ууган байгууллагын нэг Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургууль 81 дэх хичээлийн жилийнхээ нээлтийг хийлээ.
Нээлтэд Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, АШУҮИС-ийн Удирдах зөвлөлийн дарга Ц.Эрдэмбилэг, Монгол Улсын Ардын багш, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Ц.Лхагвасүрэн, Монгол Улсын Ардын багш А.Гүрбадам болон тус сургуулиас төрөн гарсан гавьяатууд, эрдэмтэн багш, оюутан сурагчид оролцов.
Хичээлийн шинэ жилийн үйл ажиллагааг тус сургуулийн ерөнхий захирал, хүний гавьяат эмч Н.Хүрэлбаатар доктор нээж үг хэлэв. Тэрбээр 81 дэх хичээлийн жилийн мэндийн бүх багш ажилтчид, оюутан суралцагчдадаа хүргээд “Бид ирэх жилүүдэд дэлхийн шилдэг сургуулийн нэг болохын төлөө тэмүүлж ажиллаж байна. Манай сургууль өргөжин тэлж, мэргэжлийн үйл ажиллагааг цогцоор нь үзүүлж байгаа. Бид сургалтын чанарыг сайжруулах чиглэлээр хөдөө, орон нутгийн гурван сургуульдаа тусгай хөтөлбөр хэрэгжүүлж эхэлснээс гадна сургалтын гурван хөтөлбөрийг олон улсад хүлээн зөвшөөрүүлж чадсан амжилтаар шинэ хичээлийн жилээ угтаж байна. Монгол Улсад анхны их сургуулийн эмнэлгийн тогтолцоог бүрдүүлэх зорилтоо биелүүлэхийн төлөө хичээн тодорхой үр дүнд хүрч, олон улсын олон төслүүдийг хэрэгжүүлэхэд анхаарч зөвхөн өнгөрсөн жил 42 шинэ төслийг эхлүүлсэн” хэмээн сургууль хамт олныхоо амжилтаас онцлон заримыг нь дурдсан юм.
Нээлтэд оролцсон хүндэт зочдын нэг Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд Монгол Улсын эрүүл мэндийн салбарын суурь боловсон хүчний 80 гаруй хувийг бэлтгэдэг том сургуульд шинээр элссэн хүүхдүүд, эмч болохоор сурч буй оюутнууд, ирээдүйн эмч, мэргэжилтнийг бэлтгэх үйлст хүчин зүтгэж буй эрдэмтэн багш нарт хичээлийн шинэ жилийн мэндийг дэвшүүлж хэлсэн үгэндээ “АШУҮИС нь Монгол Улсад анх удаа их сургуулийн эмнэлгийн тогтолцоог бий болгосон нь оюутан суралцагчдад төдийгүй багш, судлаач, эрдэмтдэд мэргэжлээрээ өсөн дэвших боломж олгож буй хэрэг бөгөөд үүнийг дагаад сургалтын чанарт маш том ахиц гарна гэдэгт итгэлтэй байна гээд зөвхөн Монголдоо хэрэгтэй боловсон хүчнийг бэлтгэдэг байсан АШУҮИС олон улсын сургалтын хөтөлбөрөө магадлан итгэмжлүүлснээр гадаад орноос оюутнууд олноор сурах болсныг онцолсон. Өдгөө тус сургуульд гадаадын есөн улсаас 300 гаруй оюутан сурч байгаа нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн төдийгүй сургалтын чанар нь ямар түвшинд хүрснийг харуулах маш том үзүүлэлт гэдгийг ч бахархалтайгаар дурдсан юм.
Дэлхийн хөгжсөн орнуудын сургуулиуд нийт төсвийнхөө 4-5 хувийг эрдэм шинжилгээ судалгааны ажилд зарцуулдаг бол АШУҮИС 7,2 хувийг зориулж байгаа нь тус сургуулийн бодлогын хувьд томоохон өөрчлөлт хийж байгаагийн нэг жишээ гэдгийг хичээлийн жилийн нээлтийн арга хэмжээний үеэр ярьж байв. Өмнө нь бусад улс орноос урьж ирүүлсэн профессоруудынхаа бодлогоор явдаг байсан бол одоо хамтарсан судалгаа, шинжилгээ, хамтарсан патент эзэмших, хамтарсан бүтээл гаргах тал дээр ажиллаж байгааг Н.Хүрэлбаатар захирал ярихдаа БНСУ-тай хамтран адууны арьснаас сайн чанарын коллаген ялгаж авч байгаа ажлынхаа талаар дурдсан. Адууны арьснаас гаргаж авсан коллаген нь эмчилгээ, гоо сайхны төдийгүй хүнсний нэмэлт бүтээгдэхүүний чиглэлээр ашиглаж болох хамгийн сайн гэдгийг эрдэмтэд хэдийнэ хүлээн зөвшөөрсөн байна. Одоо үүнийгээ цааш нь улам сайжруулж технологио суурьшуулахаар ажиллаж байгаа аж.
АШУҮИС харьяандаа 12 сургууль, таван эмнэлэг, таван эрдэм шинжилгээ судалгааны төв, хоёр цэцэрлэг, хоёр лицей сургуультайгаар үйл ажиллагаагаа явуулж буй бөгөөд энэ хичээлийн жилд нийт 16 мянга гаруй оюутантайгаар сургалтын үйл ажиллагаагаа явуулна. Тэдгээрээс 1961 нь бүрэлдэхүүн сургуулиудад, 830 нь орон нутагт шинээр элссэн оюутнууд юм. Цаашид оюутны тоог тогтвортой хэмжээнд барих бөгөөд тооноос чанарт анхаарах нь тус сургуулийн томоохон бодлого гэдгийг багш захирлууд нь онцолж байв.